УИХ-ын гишүүн Т.Доржханд 10 жилийн хугацаанд 40 их наядын нүүрс хулгайлагдсан гэж мэдэгдээд буй. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийхдээ энэ бодит бус тоо гэж үгүйсгэлээ.
Тэрбээр энэ талаар тайлбарлахдаа дэлгэцэн дээр тодорхой мэдээлэл харуулав.
Монгол Улс 1995-2022 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд 336.4 сая тонн нүүрс экспортолжээ.
Нүүрс олборлолт:
- ЭТТ компани 86 сая тонн
- МАК 56.4 сая тонн
- “Энержи ресурс” 49.8 сая тонн
- “Саусгоби сэндс” компани 34.5 сая тонн
- “Чинхуа МАК” 17.4 сая тонн
- “Тавантолгой” ХК 17.7 сая тонн
- Бусад компаниуд 67.2 сая тонн нүүрс олборложээ. Үүнээс 2011-2022 онд 298.4 сая тонныг олборлосныг харуулав.
Борлуулалтын орлого:
- Эрдэнэс Тавантолгой компани 12.8 их наяд төгрөг
- Энержи ресурс компани10.2 их наяд төгрөг
- Монголын алт МАК 5.3 их наяд төгрөг
- Тавантолгой ХК 2.9 их наяд төгрөг
- Саусгоби сэндс 2.5 их наяд төгрөг
- МОЭНКО 2.1 их наяд төгрөг
- Чинхуа МАК 1.5 их наяд төгрөг
- Хангад эксплорэйшн 0.5 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ.
Өнөөг хүртэл хугацаанд нийт 45.2 их наяд төгрөгийн нүүрсний борлуулалт хийжээ. Үүнээс 2011-2022 онд нийт 43.5 их наяд төгрөгийн нүүрсний борлуулалт хийсэн гэж Д.Амарбаясгалан онцоллоо.
Тэрбээр үргэлжлүүлэн “Эндээс харахад УИХ-ын Т.Доржханд нарын мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй байна. Үүнийг энэ тоо баримтаас харах боломжтой. Өдөр бүр хоёр машин нүүрс тутмын нэг нь хулгайд алдагдаж байсан гэж хэлсэн бодит бус, ташаа мэдээлэл. Иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй” гэв.