Иргэн Г.Ган-Очир жүжигчин У.Цогтбаяртай лайваар ярилцахдаа “Д.Амарбаясгалан МАН-ын генсек байхдаа надтай утсаар ярьсан, их хэмжээний мөнгө амласан” гэж хэлсэн.
Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж, утсаар холбогдож байгаагүй, огт танихгүй. Би 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Г.Ган-Очир гэдэг хүн МАН-д ажиллаж байгаагүй.
Иргэн Г.Ган-Очир намайг өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Гэвч надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй. Мөн Сангийн яамны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалт олгожээ. Тиймээс иргэн Г.Ган-Очирын дээрх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гэж няцааж байна.
Засгийн газар анх “Нүүрсний хулгай”-н талаар “шүгэл үлээж” олон нийтэд мэдэгдсэн. Тус хэргийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, төрийн нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгоод байна. Энэ нь иргэдийн жагсаал тэмцэлд Засгийн газар өөрөө хүч нэмж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох алхмыг эхлүүлсэн юм. Тиймээс олон нийтийн шударга ёсны энэ тэмцлийг зарим нэг этгээд улс төрийн өөр зорилгоор ашиглаж, иргэдийг өдөөн турхирч, худал мэдээллээр төөрөгдүүлж, Засгийн газрын тэмцлийг сааруулахгүй байхыг хүсье" гэв