Спортын ярилцлагын “Ялагч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт холимог тулааны тамирчин, “Ардын хүү” хочит О.Пүрэв оролцлоо. Түүний ярилцлагыг уншигч та бүхэнд өчигдөр хүргэсэн. О.Пүрэвийн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг тоймлон хүргэе.
-“One championship” холбоо энэ тэмцээнийг Монголд зохион байгуулсан шалтгаан нь, би. Монгол тамирчид үнэхээр сайн юм байна, эндээс заавал шалгаруулж авъя гэсэн шалтгаануудын нэг нь, би. Монгол тамирчдад гоё үүд, хаалга нээж өгсөндөө баяртай явдаг.
-Ер нь би бараг Монголдоо дахиж тоглохгүй, сүүлийн тулаан байж магадгүй. Цаашид “One championship”-ын тэмцээнд өөр, өөр орнуудад тулалдаад явна.
-Би Ж.Нарантунгалаг багшийгаа дагаж явж байгаад 2012 оноос хойш холимог тулааны спортоор дагнан тулалдаж байгаа. Тэр жилээс холимог тулааны карьераа эхлүүлсэн. Өнөөг хүртэлх 10 жилийн хугацаанд 10 дараалан ялаад байна. Мэдээж ялалтын цувралаа улам олон болгож, домог болж үлдэх боломж байгаа. Хабиб шиг 29:0 гэсэн амжилттай зодгоо тайлахыг хүсэлгүй яах вэ. Тэгж чадах эсэх зөвхөн надаас шалтгаална.
-Ер нь Монголд нэг жишиг тогтсон нь, олимпын спортуудыг л дэмждэг. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж, бэлтгэлийг нь хийлгэдэг. Гадаад руу явах бүх зардлыг нь төр засаг дааж байгаа. Медаль авбал насаар нь цалин, урамшуулал олгодог. Гэхдээ зөвхөн олимпын төрлийн спортынхонд. Татвар төлөгчдийн мөнгөөр насаараа урамшуулал авах нь шударга зүйл мөн үү. Уг нь адилхан эх орныхоо нэрийг гаргаж яваа шүү дээ, олимпын бус төрлийн спортынхон ч мөн адил. Холимог тулаан зэрэг мэргэжлийн спортод асар их мөнгө эргэлддэг, дэлхийд хэдэн зуу, зуун сая хүн үздэг билээ дээ. Тамирчдаа ингэж алагчилмааргүй л байгаа юм, уг нь.
-Хүмүүс намайг аймар дэмжээд, сошиалд хандалт өндөртэй байхад Тордойн Ганболд гэдэг хүн гарч ирсэн. “Та намайг дэмжих үү” гээд би гүйгээд очсон. Би яагаад очсон бэ гэвэл, яг тэр үед Н.Төгсцогтыг дэмжин, АНУ-д байр, автомашин авч өгсөн байсан. Би өөрийгөө Н.Төгсцогтын хэмжээнд үнэлчихгүй юү. Н.Төгсцогт шиг болгохын тулд намайг дэмжих юм байна, Н.Төгсцогтыг доороос гаргаж өгсөн хүн гээд ойлгочихгүй юу. Тэгээд л очсон юм. Гэтэл тэгээгүй. Зүгээр л харуулаараа 24 цаг ажиллуулж, 48 цаг амраагаад, нэг сая төгрөгийн цалин өгсөн. 24 цаг нойргүй хоночихоод, 48 цагт нь бэлтгэл хийгээд… Нойргүй хоносон хүн маргааш нь бэлтгэл хийж чадах уу. Тэгээд амжилт гаргах болов уу. Би одоо тэгээд явж байсан бол энэ амжилтыг үзүүлж, “One championship”-т дөрөв тоглоод, ялж чадаа ч уу. Хэн ч биш болчихсон, мөрөөдлөө орхичихсон, намын тролл ч юм уу, худлаа жүжиглэсэн жүжигчин болоод явах байсан.
– Мөнгө, төгрөг, санхүүгээр дутах үе заримдаа яалт ч үгүй гарах юм аа. Намайг дэмжвэл эх орноо дэмжиж байна гэсэн үг. Монгол Улсыг дэлхийд гаргаж байна гэсэн үг. Зөвхөн би өөрийгөө бодсон, зөвхөн миний амбиц биш байхгүй юу. Үнэнийг хэлэхэд над шиг бүхнийг тэгээс эхлүүлж, ард түмний дундаас гараад одоо болтол ингэж яваа хүн Монголд байхгүй. Би бараг Монголдоо ганц. Дэлхийд ч ховорхон шүү.
-Бусдыг хайрладаг, хүндэлдэг, даруу байх хэрэгтэй. Дэвжээн дотор ороод арслан, барс шиг, ангаа барьж идэх гэж байгаа чоно шиг. Дэвжээнээс гараад хонь шиг байхыг хичээдэг. Хүнд гэмгүй, эхнэр хүүхэддээ халамжтай, үлгэр дууриалалтай, олонд тустай амьдрах л хамгийн сайхан.
-Би багадаа үнэхээр хэцүү амьдрал туулж өссөн. Аав минь архи уугаад, их хэцүү, дарамттай. Байнга эрүүлжүүлэх рүү гүйгээд… Тэгээд би ер нь өөртөө амласан. “Би аав шигээ архи уудаг хүн болохгүй. Энэ заваан амьдралаас би салъя. Өөрийнхөө удам судрыг би өөрчилье” гэж өөртөө тангараг өргөсөн. Одоо би архи уудаггүй, тамхи огт татдаггүй. Ганц олдсон амьдралаа утга учиртай, бусдад үлгэр жишээ, үр хүүхэддээ дурсагдахаар туулъя л гэж боддог.
-Дэвжээн дээр гарахдаа, “Гомдолгүй” гэж гарын үсэг зурахдаа үнэхээр баяртай байдаг. Энэ дэвжээн дээр гарахын тулд л би 10 хэдэн жил бэлтгэл хийсэн, баг хамт олонтойгоо зүтгэж яваа. Тиймээс би үнэхээр баяртайгаар “Гомдолгүй” гэж гарын үсэг зурдаг. Нэр төрөө гаргаад дэвжээн дээр үхэхэд үнэхээр харамсахгүй, баяртайгаар үхэх болно.
-Хүнд бэртэл аваад, суумгай, тахир дутуу болоод, эхнэр, хүүхэд, ар гэрийнхэндээ дарамт болох вий гэж айдаг. Түүнээс дэвжээн дээр шууд үхчихвэл нэг талаараа амар ч юм уу, тийм ээ.
Хүнд дараа, садаа болоод амьдрах шиг муухай юм байхгүй. Тэгэх вий гэж л айдаг. Үхэх вий гэж нэг их айгаад байх юм байхгүй.
-Бүгдээрээ мэргэжлийн түвшинд очмоор байна. Тэгэхгүй, зүгээр нэг мэргэжлийн бус, юу ч чаддаггүй салбаганасан гарууд нь… Танай нэвтрүүлэгт өмнө нь орсон “Жалам хар” ч байна. “Жалам хар”-д мэргэжлийн сэтгэл зүй байгаа. Гэхдээ мэргэжлийн тамирчин болоход нэг хуруу, сөөм дутуу. Манай доод зиндааны тамирчин. Одоо “Ангууч” гээд байна. Тэр аймар олон дагагчтай, үнэхээр ур чадвартай, атлетик байж болно. Гэхдээ мэргэжлийн тамирчны хувьд бидний доод зиндаа. Тэрийг л ойлгох хэрэгтэй.
-Найм, есөн настайдаа вокзалаас нүүрс түүдэг байлаа. Вагон дээр авирч гараад нүүрс буулгаад, шидээд. Цагдаад баригдана. Өдөржин цас цэвэрлэж шийтгүүлнэ.
Ээжээрээ цай чануулаад, орой нь хөргөж тавиад. Түүнийгээ савлан, шилэнд хийгээд, 500 граммыг нь 50 төгрөгөөр зардаг байлаа. Ес, 10 настай хүүхэд 10 литр цайг гурван км газар барьж яваад, зах дээр өдөржингөө тойрч зарна гэдэг ямар хүнд байсан гэж санана. Тэр бүхнээс би мөнгөний үнэ цэнийг, хөдөлмөрийн үнэ цэнийг, бүх зүйлийг би ойлгосон.
-Өнгөрснөөс сургамж аваад, ирээдүй рүүгээ л алхдаг. Бүх юм нь хангалуун, бэлэн, тийм баян айлд, олигархийн гэр бүлд төрсөн бол би одоо “Ардын хүү” гэж олонд хүндлэгдээд, аварга болоод, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаад яваа ч уу, үгүй ч үү. Тэгээд бодохоор би их азтай хүн. Хамгийн гол нь эрүүл саруул төрсөндөө би баярладаг.
-Би амьдралаас тулаанч болсон. Анхнаасаа тулаанч төрөөгүй. Би өөрөө хүнд зодуулаад байсан болохоор, архичин хүмүүс агсан тавиад, намайг зодох гээд байсан болохоор, би өөрийгөө хамгаалах шаардлагатай болоод тулааны урлагаар хичээллэсэн. Гадуур наймаа хийгээд, гэр бүлээ тэжээх гээд явж байхад хүмүүс намайг дээрэмдээд байсан болохоор би биеэ хамгаалахын тулд тулаанч болсон.
-Би цаашид улам хичээнэ ээ. Үйлдлээрээ үлгэр жишээ болоод, эх орныхоо төлөө улам зүтгэнэ. Би эх орондоо хайртай. I love Mongolia гээд би дэвжээнд гараад, омогшоод явдаг. Эх орондоо хайртай байгаарай. Нарантуул зах дээрээс амьдралаа босгоод, би Монголын дэвжээгээ эзэлж авсан. Одоо дэлхийн дэвжээ рүү зорьж байна. Үүнд маань Монголын ард түмэн минь туслаарай, намайг дэмжээрэй.