“Хайртай бол хартай” гэх гэр бүлийн бичигдээгүй хууль, хэвшмэл ойлгол бидний дунд бий.Гэр бүл салалт,хосын харилцаа хөндийрөх зэрэг асуудал нь ихэнхдээ хардалтаас үүддэг байна. Бид хардах эмгэгт автсан хүмүүст сэтгэл зүйн хувьд ямар шинж тэмдэг илэрдэг, үүнээс хэрхэн гарах, өөрийгөө хамгаалах талаар сэтгэл зүйч Ж.Үйлстэй ярилцлаа.
-Юуны өмнө хардалтын хоёр төрлийн талаар манай уншигчдад мэдээлээч?
-Олдмол хардалт тухайн хүний амьдралын туршид бүрэлдэн тогтдог бол хэвшмэл хардалтын хувьд тухайн хүний зан байдлаас хамаардаг. Ихэнхи хүмүүсийн хувьд хардалтыг үзэн яддаг. Хартай хүний дэргэд үлдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Гэр бүл салалтын 60 хувь нь хардалтаас шалтгаалдаг гэх судалгаа байдаг. Үл итгэлцэлтэй холбоотой асуудал эзэлж байна гэсэн үг.
Хардалт өнгөц харахад гэр бүлд байх ёстой хэм хэмжээ мэт харагдавч цаанаа маш их хор уршгийг дагуулах нь бий. Нэг ёсондоо хардах өвчин даамжирсаар сэтгэцийн эмгэг байдалд шилжиж “Хардах солиоролтой” /анагаах ухааны нэр томъёо/ болдог. Ийм хардалт нь гэр бүлийн амьдралыг тамын тогоо мэт болгодог гэхэд хилсдэхгүй.
ХАРТАЙ ХҮН БУСДЫГ Ч "ХУДАЛЧ" МЭТЭЭР ХҮЛЭЭЖ АВДАГ
-Хартай хүн зан байдлыг хувьд ямар хандлагатай байдаг вэ?
-Хардах эмгэгтэй хүмүүс гол төлөв дээрэнгүй, захирангуй, сагсуу, зөрүүд, ихэмсэг, бардам, хүйтэн харьцаатай байдаг. Мөн өөрийнхөө бодлыг бусдад тулгадаг, дарангуйлагчийн шинжтэй байх нь нийтлэг. Эдгээр шинж тэмдгүүд бол гол төлөв эрчүүдэд ажиглагддаг.
Харин эмэгтэйчүүдийн хувьд илүү сул дорой байдлаар илэрдэг. Их гомдоллодог, хэрүүл нэхдэг, итгэлгүй, заргач байхаас гадна, үг хаядаг, өөнтөгч байдаг.
Өнөөдөр юу хийснийг чинь нэг бүрчлэн сонирхож, чиний эргэн тойронд байгаа эсрэг хүйстнүүдийн талаар нэгд нэгэнгүй мэдэж байхыг эрмэлздэг, найзуудтай чинь дотно холбоотой байхыг хүсдэг. Хаана хэнтэй юу хийж байгааг чинь үргэлж шалгаадаг, утсаар ярьж байхад чинь чих тавин анхааралтай сонсдог, чамайг гадаад үзэмжиндээ анхаарахад илт дургүйцдэг, бусдын нүдэнд өртүүлэх дургүй бол хардах эмгэгтэй хүнтэй учирсан байна гэсэн үг.
Хартай хүмүүс ганцхан хайртай хүнээ хардах биш бусдыг худлаа ярьж байна гэх мэтээр боддог. Өөрөөр хэлбэл хэн нэгэнд итгэх итгэл байдаггүй. Мөн хайртай хүнийхээ баяр баясгалантай байгааг харж чаддаггүй. Сөргөөр хүлээж аваад байдаг.
ХАРДАХ ЭМГЭГТ АВТВАЛ БЭЛГИЙН ДУР ХҮСЭЛ БУУРЧИХДАГ
-Хартай хүнтэй хамт байх нь нөгөө хүндээ ямар сөрөг үр дагавартай вэ?
-Найз нөхөд, танилын хүрээлэлгүй болно. Хартай хүмүүс нөгөө хүндээ, надгүй бол чи юу ч биш гэдэг ойлголтыг үгээр, үйлдлээр мэдрүүлэхдээ гарамгай сайн. Гол шалтгаан нь би өөрөө харддаг гэдгээ ойлгодоггүй. Намайг хардахад хүргээд байгаа. тиймээс энэ хүнийг барих ёстой гэж бодохоор дарамт үзүүлдэг гэсэн үг. Мөн сексийн хувьд маш идэвхтэй байхыг эрмэлздэг. Бэлгийн дарамт үзүүлэх тохиолдол ч байна. Эсвэл бүр дур хүсэл нь буурах тохиолдол бий.
ХАРДАЖ ХАРАМЛАХ НЬ НӨГӨӨ ХҮНЭЭ ӨӨРӨӨСӨӨ ТҮЛХЭХ ҮНДЭС БОЛДОГ
-Тэгвэл хардуулж байгаа хүмүүс сэтгэл зүй, зан төлвийн хувьд ямар өөрчлөлттэй болдог вэ?
-Хардуулж байгаа хүмүүс аливаа юмнаас дөлөмтгий болж нэг л хэвийн баригдмал болчихдог. Найз нөхөд, хамт олносоо хөндийрч, өөртөө итгэлгүй, сул дорой нэгэн болно. Хардалтын давхар хамаарлаас үүдэлтэй сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд бий болох боломжтой. Хардуулхаас зайлсхийх гэж худлаа ярьж эхэлнэ. Тэдэнд хэдий үнэн явдал тохиолдож, хийж гүйцэтгэх ажилтай явж байгаад ирсэн ч ойлгохгүй хардах вий хэмээн эмээх эсвэл залхсандаа худал түүх зохиож эхэлдэг.
Үүнээс л шалтгаалж тухайн гэр бүлд үнэн зүйл гэж үгүй болж, цаашид хамтран амьдрах итгэлийг устгадаг. Мөн хардуулж байгаа хүмүүс түргэн уур уцаартай болох нь бий. Хардаж харамласнаар нөгөө хүнээ өөртөө татах бус бүүр өөрөөсөө түлхэх нэг үндэс болдог.
-Маш их стресс мэдрэх нь байна шүү дээ. Тэгэхээр бие организмд хүртэл их л сөрөг нөлөөтэй байх?
-Хүнийг цагаас нь эрт үхэлд хүргэдэг шалтгаануудын дотор хардалт дээгүүр байр эзэлж байна гэсэн судалгаа уншиж байсан. Учир нь хардалт бол хүний сэтгэл санааг самууруулах өвчнүүдийн эхлэл болдог. Хартай хүмүүс 10-15 жилээр насаа богиносгодог гэдэг нь батлагдсан судалгаа. Учир нь тэд энэ үйлдлээсээ болж байнга бухимдаж байдаг бөгөөд зүрхнийх нь цохилт огцом түргэсч судсаар нь гүйх цусны хурд нэмэгддэг учраас судаснууд нь амархан элэгдэнэ, ингэснээр зүрх судасны өвчнүүд, цусны даралт ихсэх зэрэг асуудлууд үүснэ. Мөн үүн дээр архаг стресс, депресс, толгойн өвчин, нойргүйдэл, архаг ядаргаа зэргийг нэмж болно.
-Хардалтыг хавар, намрын синдромтой холбож яриад байдаг. Энэ ямар учиртай юм бэ?
Сонирхолтой нь хавар намрын улиралд хамгийн олон гэр бүл хардалтаас болж хоёр тийш болдог гэсэн судалгаа байдаг. Энэ улиралд хүмүүс “гормоны тоглолтондоо” хөтлөгдөн эсрэг хүйстэнтэйгээ сээтэгнэх хүсэлд автдаг, харин өвөл болон зуны халуунд хүмүүс тайван, налгар болж хардуулах зүйл бараг хийдэггүй байна. Хардалтын солиоролд 40 гарсан эрчүүд их автдаг гэсэн бас нэгэн ажиглалт байдаг. Энэ насны эрчүүдийн бэлгийн идэвхи, чадавхи зэрэг нь сэтгэл зүйн шалтгаанаар буурах нь элбэг байдагтай холбоотой юм.
ХАРДАЛТЫГ ТЭВЧИХ АРГУУД
-Хартай хүмүүс өөрсдөө ч сэтгэлийн зовлон мэдэрдэг байх. Үүнийг даван туулах арга зам гэж байх уу?
-Мэдээж байгаа. Сэтгэлзүйн асуудлыг хүн өөрөө л хичээж давна шүү дээ. Хүн өөрийгөө өөрөө л аварна. Зургаан зөвлөмж хэлэхэд,
- “Нүдээрээ харж, гараараа бариагүй л бол юунд ч бүү итгэ” гэсэн үгийг санах хэрэгтэй. Харддаг хүмүүсийн хувьд ямар нэг зүйлийг ургуулан бодохдоо гаргууд улс болохоор хардалтаа бодит мэтээр төсөөлөх нь ч бий.
- Хардалт бол өөрийгөө үгүйсгэж буй хэлбэр гэдгийг санах хэрэгтэй. Тухайн хүн өөртөө итгэлгүй, гундуу дорой, хулчгар байгаагийн шинж нь хардалтаар илэрдэг. Өөрөөр хэлбэл, энэ намайг орхичих вий, би хаягдчих вий гэсэн бодлоос үүдэн өөрийгөө тээр дор тавьж буй хэрэг юм. Хардах сэдэл төрөх л юм бол өөрөө өөртөө тавих анхаарал халамжаа нэм, улам гоё бол, өөрийгөө боловсруул. Хаана ч, хэнд ч хэрэгтэй хүн гэдгээ илүү ихээр мэдэр. Энэ нь сул дорой байдалтай тэмцэх хүчирхэг зэвсэг юм. Ингэх тусам хайртай хүн чинь танд татагдаж таны хүчирхэг байдлыг дээдлэх болно.
- Хайртай бол хартай гэдэг үгэнд бүү авт. Хартай хүмүүс л өөрийгөө өмөөрч энэ үгийг хэрэглэдэг. Хүн бүхний дотор өмчирхөх, өөртөө хамаатуулах сэтгэл нуугдаж байдаг болохоор бид бүгдийн дотор хардалт унтаж байдаг. Харин түүнийг ухаанаараа дийлэх үү, эсвэл сэтгэлийнхээ жолоог алдаж гэр бүл, хайр сэтгэлээ хөмрүүлэх үү гэдэг нь энэ хэлцэнд итгэх үү, үгүй юу гэдэгтэй утга дүйнэ.
- Өөртөө болон хайртай хүнд тань хувийн орон зай хэрэгтэй гэдгийг сана. Гэр бүл болно гэдэг нэгэн биеийн нөгөө хэсгээ оллоо гэдэг ч аливаа хүнд хувийн орон зай заавал байх хэрэгтэй байдаг. Одоо байгаа бодлоосоо ангижраад өөрийгөө таньж мэдэх, хөгжүүлэхэд илүү их цаг зав гарга.
- Бүгд л сүүлэрдэг гэсэн явцуу бодлоосоо ангижирах хэрэгтэй. Найзуудтай нь битгий жиш, яагаад хардаад байгаагаа өөрөөсөө асуу, хайрт чинь үнэхээр тийм хардахаар үйлдэл хийдэг хүн мөн үү? Ургуулан бодохоо л зогсоох хэрэгтэй.
- Харилцаагаа халуун байлгаж, бие биедээ хайрын үг хэлж бай. Хэзээ хамгийн сүүлд итгэж хайрладагаа илэрхийлсэн бэ? Арай санахааргүй удаан хугацаанд хайртыгаа хардаж зовоосон юм биш биз? Гээд бодоод үзэхэд илүүдэхгүй. Хүн хэдий их итгэл хүлээлгэнэ төдий чинээ итгэлийг нь алдахгүйг хичээдэг юм шүү.
- Хардаж, сэрдэхээ бүү урьтал болго. Хардалтын нүдээр эргэн тойронд байгаа зүйлс өөрөөр харагдаж, гэмгүй энгийн байгаа зүйлүүд ч хоорондоо уялдаа холбоотой, сэжиг бүхий болж хувирдаг. Тайвшир, тайван сайхан уур амьсгалыг бүрдүүлж байгаад түүнтэй ярилц, ойлгохыг хичээ, чиний төлөө юу ч хийгээгүйн тухай бус, юу хийсэн тухай нь бод. Хэрэв өмнө нь алдаа гаргаж байсан бол алдааг нь уучил.
-Та сая “Хардах солиорол” гээд нэр томъёоны тухай ярьж байсан шүү дээ. Өөр нэр томъёо ч юм уу, ангилал байдаг уу?
-“Отелло синдром” гэж бий. Бидний сайн мэдэх У.Шекспирийн "Отелло" жүжгийн нэрээр нэрлэгдсэн синдром юм. Хэдий нотлох баримт байхгүй ч гэлээ тухайн хүн хууртагдаж, араар тавиулж байна гэсэн бодол, итгэл үнэмшил нь тухайн хүнээ зүгээр ч нэг түгшүүртэй, зовлонт байдалд биш маш хүчтэй зовонт байдалд хүргэдэг. Ингэж бусдыг сэжиглэх нь өөрийгөө байнгын тогтворгүй, түгшүүртэй байдалд оруулдаг сөрөг нөлөөтэй. Отелло синдромтой хүмүүс байнгын хамтрагчаа мөрдөж, шалгах бөгөөд хаана байгааг нь байцааж, зарим тохиолдолд хүч хэрэглэх нь ч бий. Энэ синдром бол бидний сайн мэдэх хардалт болж таарна.
-Ярилцсанд баярлалаа.