“Өрөг хэлэлцүүлэг” нэвтрүүлэг “Экспортын боломжийг ашиглаж эдийн засгаа сэргээе” сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг бэлтгэн, та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээ “Экспортын боломж ба асуудал” сэдвээр бэлтгэлээ.
Нэвтрүүлгийн зочдоор:
- “Ханбогд” кашмерын Ерөнхий захирал Ч.Ганцэцэг
- Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны захирал Д.Баярсайхан
- Жимс, жимсгэний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Цэвэлмаа
- “Одь тан” компанийн Гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам нар оролцлоо.
Жимс, жимсгэний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Цэвэлмаа “Өрөг хэлэлцүүлэг”-т оролцохдоо ингэж ярьлаа.
-Жимс, жимсгэний экспорт дээр манайхан чацарганыг мэддэг. Хэчнээн компани чацарганаас гадна ямар бүтээгдэхүүнийг хэр хэмжээгээр гаргаж байгаа вэ?
-Та сая Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хөндөж ярилаа. Бид яг энэ хэлэлцээрийн дагуу чацаргана, чацарганы тос, чанамал, жүүсийг Япон руу бага хэмжээгээр экспортлоод явж л байна. Гол асуудал нь юу вэ гэвэл, бараа тодорхойлох, кодлох, уялдуулах олон улсын системээр бид чацарганы бүтээгдэхүүнээр орж чадаагүй явж байгаа. Зөвхөн жимс, самар гэдэг ерөнхий ангилал дотор орчихсан байгаа.
Бидний хамгийн гол сонирхож буй зүйл нь, Монгол Улсаас гарч буй бараа, бүтээгдэхүүн нэрээрээ гараасай гэж их хүсдэг. Энэ талаар 2016 оноос эхлээд ярьсан. Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийснээс хойш зургаан жил болчихлоо. Үр дүнгээ таван жилийн хугацаанд тооцно гэж байгаа бол одоо “Монгол Улс алдсан уу, хожсон уу” гэдэг асуудал гарч ирнэ. Үүнд ихэнх үйлдвэрлэгч “Алдсан” гэж л хариулах болов уу гэж бодож байна.
Дотоодын жимс, жимсгэний бүтээгдэхүүний 90 гаруй хувийг бид импортоор авдаг. Жимс, жимсгэн бүтээгдэхүүн боловсруулах 40 гаруй компани энэ 10 гаруй хувийг л хангах гэж явна. Монголд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого алга. Яг энэ худалдааны тал дээр бид үйлдвэрлэгчдийг илүү их борлуулалт хийж, гадаадын зах зээлд гаргахын тулд дотоодын зах зээлийн тодорхой хэсгийг хамгаалах хэрэгтэй. Ялангуяа, их үнэтэй бүтээгдэхүүн гаргаж байгаа үед.
Чацаргана бусад зах зээлийг бодвол арай өөр стратегийг сонгож авсан. Гэхдээ энэ стратегийг Монгол Улсын Засгийн газар бус Европын холбоо өөрөө сонгосон. Ингэж сонгож, гадаадын зах зээлд гаргахдаа “Увс хүнс” компани газар зүйн заалтыг авсан. Чацаргана газар зүйн заалттай болно гэдэг Монгол Улсад илүү их орлого олох замаа зассан гэсэн үг.
Одоогийн байдлаар багахан хэмжээгээр Япон, БНСУ, Тайвань руу бүтээгдэхүүнээ гаргаж байна. Гэхдээ энэ хангалтгүй байгаа юм. Яагаад гэвэл, цаашид энэ бүтээгдэхүүнийг замыг засах худалдааны хэлэлцээрүүд нь өнөөдөр дутагдаад байна.
-Хэлэлцээртэй байгаа ганц улсаа ашиглаж чадахгүй байна.
-Тэгж байна, ашиглаж чадахгүй байна. Монгол Дэлхийн худалдааны байгууллагад хөдөө аж ахуйн татаасын талаар амлалт аваагүй улс байхгүй юу. Тэгээд бид хамгаалах бодлого явуулж чадахгүй байна. Гэтэл дийлэнх экспорт гаргах уул уурхайн бус бүтээгдэхүүн нь хөдөө аж ахуйгаас хамааралтай байна. Экспортод гарах эхлэл нь тавигдчихаад байна л даа. Дараагийн зам нь засагдахгүй байна. Энэ замыг засахгүй л бол цаашаагаа экспорт нэмэгдэхгүй.
-Монгол Улс гадаад худалдаа хариуцсан яамгүй. Гэхдээ одоо Эдийн засаг, хөгжлийн яамтай болсон. ГХЯ, ХХААХҮЯ, ЭЗХЯ-нд “Өөр орнууд руу эдийн засаг, худалдааны хэлэлцээр хийгээд өг. Байгаа ганц улсдаа бүтээгдэхүүний нэршил, заалтыг нь өөрчлөөд өг” гэж хандаж үзсэн үү. Та бүхэнд хандахад харьяа яамд хөдөлж байна уу?
-Хөдлөөгүй ээ. 2016 оноос хойш үндсэндээ хандаад явж байна. Тухайн үед энэ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хийхэд Худалдаа аж, үйлдвэрийн танхим, ХХААХҮЯ, ГХЯ бодлогын хувьд гаргаж ирсэн. Гэхдээ өөрсдөө жил, жилд үйл ажиллагаагаа, хүрсэн түвшингээ үнэлэхгүй байна. Жилд байг гэхэд гурван жилд нэг удаа. Чацарганы бүтээгдэхүүний хувьд, бид зургаан жил ярьж байна. Зургаан жил яриад байгаа атлаа ядаж нэг бүтээгдэхүүний нэрээр хийгдэх асуудлыг шийдүүлж чадахгүй байна. Юу гэдэг гэхээр “Хэмжээ нь бага юм чинь” гэдэг. Хэмжээ нь чухал биш. Гадаадаас орлого улсдаа татах нь чухал. Илүү үнэтэй бүтээгдэхүүнээр илүү их орлогыг татах хэмжээнд хүрч чадвал бид өнөөдөр дэлхийтэй өрсөлдөнө.
Үүний төлөө л ажиллаж байгаа. Үүний төлөө компаниуд үйлдвэрлэлээ өргөжүүлсэн, тэлсэн. Олон улсын стандартын дагуу ажиллаж байна.