ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс борлуулсан бүх гэрээг олон нийтэд ил болгохоор боллоо. Нүүрс тээврийн компаниудын өмчлөгчдийн дата мэдээллийг ил болгоно. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах шийдвэр гаргалаа. Дэлхийн томооон компаниудаас сонгон шалгаруулж, иж бүрэн хөндлөнгийн аудит оруулна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийг олон нийтийн компани болгох, олон улсад IPO гаргах чиглэлд ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсгийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална.
Нэг сая орчим тонн нүүрс хилээр нууцаар гарсан гэх хоёр хэргийг нэгтгэж, үргэлжлүүлэн шалгана.
Хил хамгаалах байгууллагын тодорхой албан тушаалтнуудыг энэ хэрэгт холбогдуулан шалгах шаардлага гарлаа. Бүртгэлгүй нүүрс нэвтрүүлэхэд үгсэн хуйвалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэлээ.