АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгаж буй явцын талаар мэдээлэл өглөө. АТГ-ын дарга Г.Азжаргал “АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам" компаниудын эрх бүхий албан тушаалтнуудын тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах, улсын хилээр хууль бусаар гаргах, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл, төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээ хөрөнгөжсөн, хахууль авсан байж болзошгүй 11 хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн, долоон хэргийг мөрдөн байцаан шалгаж байна.
Энэ хүрээнд 47 обьектэд нэгжлэг хийн, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан. Мөн 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна. Нийт 30 хүнийг яллагдагчаар татлаа.
Эдгээр 30 хүний долоо нь хахууль авсан, 16 нь хахууль өгсөн, 5 нь албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан, хоёр нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа. Одоогоор нийт 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогтоод байна” гэлээ.