“Urug.mn” сайтаас бэлтгэн хүргэдэг спортын ярилцлагын “Ялагч” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт холимог тулааны тамирчин, “Ардын хүү” хочит Отгонжаргалын Пүрэвийг урьж, ярилцлаа.
-Хэдхэн хоногийн өмнө Монголынхоо дэвжээнд Индонезын тамирчныг яллаа. Ингэснээр “One championship” холбооны албан ёсны гурав дахь тулаандаа ялсанд тань баяр хүргэе.
-Өө, за баярлалаа. “Ялагч” гэдэг бэлгэшээлтэй нэртэй нэвтрүүлэгт оролцуулж буйд маш их баярлалаа. Улс тунхагласны баяраараа, “One championship” холбооны тамирчин Суното Перингкатыг яллаа. Маш их баяртай байна. Түүнийг ялсан болохоор чансаа өссөн, аваргын төлөө өрсөлдөх зорилго маань нэг шатаар ахилаа.
-“One championship” холбоо тэмцээнээ Монголд зохион байгуулсан нь сонирхол татаж байна. Үүнд таны нэр, нөлөө хэр их байв?
-“One championship” холбоо энэ тэмцээнийг Монголд зохион байгуулсан шалтгаан нь би байхгүй юу. Монгол тамирчид үнэхээр сайн юм байна, эндээс заавал шалгаруулж авъя гэсэн шалтгаануудын нэг нь, би. Монгол тамирчдад гоё үүд, хаалга нээж өгсөндөө баяртай явдаг. “One championship” холбоонд хамт тоглохоор болсон Энх-Оргилдоо баяр хүргэе. Бид хоёр улсынхаа нүүр царай болоод явахад нас болсон, бэлтгэл, ур чадвар хангалттай хэмжээнд хүрсэн, хамт олон бүрдсэн. Одоо ёстой ямар ч асуудал байхгүй.
-Монголынхоо дэвжээнд өрсөлдөх ер нь ямар байдаг вэ. Монголчуудынхаа өмнө тулалдах түшигтэй байдаг уу?
-Мэдээж түшигтэй, сайхан байлгүй яах вэ. Хүн бүхэн амжилт хүсээд, намайг дэмжихэд нэг талдаа сэтгэл зүйн жаахан дарамттай байдаг. Энэ олон хүний итгэлийг алдах вий гэж бодно. Олон улсын дэвжээнд тийм дарамт арай бага. Гадаадын хүмүүс юу ч гэж хэлж, бүүлсэн ойлгохгүй юм чинь, тэр нь амар байдаг.
“One championship”-ын дэвжээ 12 мянган хүний суудалтай, хүмүүс пиг дүүрэн үздэг. “Мөсөн өргөө” 3000-4000 хүний суудалтай. Энэ удаагийн тэмцээн тал үзэгчтэй байсан. “Юу вэ” гэж бодсон, палхийгээд явчихсан. Мэргэжлийн спортыг ойлгодог, дэмждэг хүн цөөхөн байгаад харамссан. Ер нь жаахан гомдсоон. Ер нь би бараг Монголдоо дахиж тоглохгүй, сүүлийн тулаан байж магадгүй. Цаашид “One championship”-ын тэмцээнд өөр, өөр орнуудад тулалдаад явна.
-Мэргэжлийн дэвжээнд 10 жилийн хугацаанд ялагдаагүй явна. Ялаад байх тусам “Ялагдчих вий, ялалтын цуврал зогсчих вий” гэх сэтгэл зүйн дарамт мэдрэгдэх юм уу?
-Ялалтын цуврал үргэлжлэх хэрээр дарамт гэхээсээ илүү хариуцлага үүсдэг. Үүнийг дарамт гэж хүлээж авах юм бол ялагдах нь тодорхой.
Би Ж.Нарантунгалаг багшийгаа дагаж явж байгаад 2012 оноос хойш холимог тулааны спортоор дагнан тулалдаж байгаа. Тэр жилээс холимог тулааны карьераа эхлүүлсэн. Өнөөг хүртэлх 10 жилийн хугацаанд 10 дараалан ялаад байна. Мэдээж ялалтын цувралаа улам олон болгож, домог болж үлдэх боломж байгаа.
Хабиб шиг 29:0 гэсэн амжилттай зодгоо тайлахыг хүсэлгүй яах вэ. Тэгж чадах эсэх зөвхөн надаас шалтгаална. Тийм хэмжээнд хүрэх, амжилтаа хадгалахын төлөө улам хичээнэ. Тэр бүхэнд Монголын ард түмэн маань намайг ойлгож дэмжээрэй. Намайг дэмжих юм бол эх орноо дэмжиж байна гэсэн үг шүү.
-Холимог тулааны тамирчдыг төр засгаас хэр дэмждэг вэ. Хангалттай хэмжээнд дэмждэг үү?
-Дэмждэггүй. Холимог тулааны тамирчид бор зүрхээрээ яваа. Ер нь Монголд нэг жишиг тогтсон нь, олимпын спортуудыг л дэмждэг. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж, бэлтгэлийг нь хийлгэдэг. Гадаад руу явах бүх зардлыг нь төр засаг дааж байгаа. Медаль авбал насаар нь цалин, урамшуулал олгодог. Гэхдээ зөвхөн олимпын төрлийн спортынхонд. Татвар төлөгчдийн мөнгөөр насаараа урамшуулал авах нь шударга зүйл мөн үү. Уг нь адилхан эх орныхоо нэрийг гаргаж яваа шүү дээ, олимпын бус төрлийн спортынхон ч мөн адил. Холимог тулаан зэрэг мэргэжлийн спортод асар их мөнгө эргэлддэг, дэлхийд хэдэн зуу, зуун сая хүн үздэг билээ дээ. Тамирчдаа ингэж алагчилмааргүй л байгаа юм, уг нь.
-“Таныг дэмжихээр боллоо” гэж хэлдэг хүмүүс амласандаа хэр хүрдэг вэ?
За, нэг их айхтар шуугиан муугиантай дэмжээд, зарлаад байгаа хүмүүс ер нь худлаа санагдсан. Гэхдээ яах вэ. Би тэдэнд гомддоггүй. Зөв хүнийг хүмүүс хүрээлээд, дэмждэг. “Ялаа” нар ч шавдаг. Мэдээж үнэхээр дэмжье гэсэн сэтгэлтэй, сайн хүмүүс байгаа. Үүнийг үгүйсгэж болохгүй. Бусдад лаг болж харагдсан л бол надад хэрэггүй гэсэн хүмүүс ч байгаа.
Хүмүүс намайг аймар дэмжээд, сошиалд хандалт өндөртэй байхад Тордойн Ганболд гэдэг хүн гарч ирсэн. “Та намайг дэмжих үү” гээд би гүйгээд очсон. Би яагаад очсон бэ гэвэл, яг тэр үед Н.Төгсцогтыг дэмжин, АНУ-д байр, автомашин авч өгсөн байсан. Би өөрийгөө Н.Төгсцогтын хэмжээнд үнэлчихгүй юү. Н.Төгсцогт шиг болгохын тулд намайг дэмжих юм байна, Н.Төгсцогтыг доороос гаргаж өгсөн хүн гээд ойлгочихгүй юу. Тэгээд л очсон юм. Гэтэл тэгээгүй. Зүгээр л харуулаараа 24 цаг ажиллуулж, 48 цаг амраагаад, нэг сая төгрөгийн цалин өгсөн. 24 цаг нойргүй хоночихоод, 48 цагт нь бэлтгэл хийгээд… Нойргүй хоносон хүн маргааш нь бэлтгэл хийж чадах уу. Тэгээд амжилт гаргах болов уу. Би одоо тэгээд явж байсан бол энэ амжилтыг үзүүлж, “One championship”-т дөрөв тоглоод, ялж чадаа ч уу. Хэн ч биш болчихсон, мөрөөдлөө орхичихсон, намын тролл ч юм уу, худлаа жүжиглэсэн жүжигчин болоод явах байсан.
-Хүмүүс заавал танд туслах, дэмжих албагүй. Олноос арай их юм хүлээгээд, хараад байдаг юм биш үү?
-Ёстой тийм биш шүү. Хүмүүс намайг заавал дэмжиж, туслах албагүй гэдэгтэй би санал нийлнэ. Гэхдээ би Монголын №1 болчихлоо. Чадварлаг хамт олон, ур чадвартай багш, дасгалжуулагч гээд амжилт гаргахад надаас шалтгаалах бүхэн байна. Мөнгө, төгрөг, санхүүгээр дутах үе заримдаа яалт ч үгүй гарах юм аа. Намайг дэмжвэл эх орноо дэмжиж байна гэсэн үг. Монгол Улсыг дэлхийд гаргаж байна гэсэн үг. Зөвхөн би өөрийгөө бодсон, зөвхөн миний амбиц биш байхгүй юу. Үнэнийг хэлэхэд над шиг бүхнийг тэгээс эхлүүлж, ард түмний дундаас гараад одоо болтол ингэж яваа хүн Монголд байхгүй. Би бараг Монголдоо ганц. Дэлхийд ч ховорхон шүү.
-Таны бодлоор тулаанч хүний эрхэмлэж явах учиртай зүйл юу вэ?
-Бусдыг хайрладаг, хүндэлдэг, даруу байх хэрэгтэй. Дэвжээн дотор ороод арслан, барс шиг, ангаа барьж идэх гэж байгаа чоно шиг. Дэвжээнээс гараад хонь шиг байхыг хичээдэг. Хүнд гэмгүй, эхнэр хүүхэддээ халамжтай, үлгэр дууриалалтай, олонд тустай амьдрах л хамгийн сайхан.
Хамгийн үнэ цэнтэй зүйл бол гэр бүл. Хайртай, дотны, намайг хүрээлж байгаа үнэхээр хайртай хүмүүс минь..
-Ялсан ч, ялагдсан ч гэртээ орж ирээд хүүхдүүд, хань нь угтаад авахад хүнд, хэцүү бүхнээ умартдаг уу?
-Тэгдэг. Гэртээ ирээд, хань, хоёр хүүхдээ тэврээд үнэхээр гоё тайвширдаг. Гэр маань ямар гоё энергитэй гэж санана. Ер нь бэлтгэлгүй үед би гэртээ байх дуртай. Гэр амьтай. Өнөөгийн амжилтад хамгийн их нөлөөлж, намайг түшиж, тулалж яваа хүн бол миний хань. Ханьдаа үнэхээр их баярлаж явдаг.
Би багадаа үнэхээр хэцүү амьдрал туулж өссөн. Аав минь архи уугаад, их хэцүү, дарамттай. Байнга эрүүлжүүлэх рүү гүйгээд… Тэгээд би ер нь өөртөө амласан. “Би аав шигээ архи уудаг хүн болохгүй. Энэ заваан амьдралаас би салъя. Өөрийнхөө удам судрыг би өөрчилье” гэж өөртөө тангараг өргөсөн. Хүний гени дотор архи, тамхи байдаг. Гэхдээ үүнийг ялах ухаантай байх хэрэгтэй.
Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Эр хүн шиг амьдрахыг хүсдэг. Би архи уудаггүй, тамхи огт татдаггүй. Ганц олдсон амьдралаа утга учиртай, бусдад үлгэр жишээ, үр хүүхэддээ дурсагдахаар туулъя л гэж боддог.
-Яг дэвжээн дээр гарахдаа, “Гомдолгүй” гэж гарын үсэг зурахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Үнэхээр баяртай байдаг. Энэ дэвжээн дээр гарахын тулд л би 10 хэдэн жил бэлтгэл хийсэн, баг хамт олонтойгоо зүтгэж яваа. Тиймээс би үнэхээр баяртайгаар “Гомдолгүй” гэж гарын үсэг зурдаг. Нэр төрөө гаргаад дэвжээн дээр үхэхэд үнэхээр харамсахгүй, баяртайгаар үхэх болно.
-Хүнд бэртэх вий, амь насаа алдах вий гэж айдаг уу?
-Хүнд бэртэл аваад, суумгай, тахир дутуу болоод, эхнэр, хүүхэд, ар гэрийнхэндээ дарамт болох вий гэж айдаг. Түүнээс дэвжээн дээр шууд үхчихвэл нэг талаараа амар ч юм уу, тийм ээ.
Хүнд дараа, садаа болоод амьдрах шиг муухай юм байхгүй. Тэгэх вий гэж л айдаг. Үхэх вий гэж нэг их айгаад байх юм байхгүй.
-Таны хувьд санхүүгээ бүрдүүлэхийн тулд подвольк, календар хийн зардаг. Одоо худалдсан хэвээрээ байгаа юу?
-Би анх 2019 онд энэ календарыг 5000 төгрөгөөр зараад явж байсан. 1000 ширхгийг хэвлүүлээд 200, 300-г л зарж байсан. Нарантуулаар 5000 төгрөгөөр зарах гээд явж байхад зарим нь “Пээх, 1000 төгрөг л байдаг шүү дээ” гээд аймар уурлаж байсан. Монгол хүмүүс хийж чаддаг, монгол оёдолчид хятадуудаас ч сайн юм оёдог. Үүнийг бусдад үлгэрлэхийн тулд “Empire” подволкоо үндэсний үйлдвэр “Тод гялалз”-аар хийлгэж байгаа. Хөөрхий минь, ард түмнийхээ дэмжлэгээр болгоод л байна.
-Одоо ер нь бэлтгэлээ л хийдэг үү. Бэлтгэлийнхээ хажуугаар өөр ажил хийдэг үү?
-Бэлтгэлээ хийнэ, эхнэртэйгээ хамт онлайн шоп ажиллуулдаг. Мопидоороо хүргэлтээ хийдэг. Тэгээд подволвкоо зарж байна.
“One championship” холбоонд тоглосныхоо цалинг авна. Намайг ялсан ч, ялагдсан ч цалин өгнө. Тэр цалингаасаа багш нартаа, баг хамт олондоо өгнө. Тэгээд л тараагаад, тараагаад өөрт жаахан юм үлдэнэ. Тэрийгээ дараагийн тэмцээн хүртэл хэрэглээд, хэрэглээд. Өөртөө, гэр бүлдээ хэрэглээд, тэгсээр байтал дуусна. Дуусчихаар подволькоо зараад ч юм уу. Одоохондоо үлгэн салган явж л байна.
-Тэгэхээр “One championship”-аас тогтмол цалин авдаггүй юм байна, тийм үү?
-Тийм ээ. Тулаан хийхдээ л цалин авдаг. Миний чансаа ахиад, ялахын хэрээр цалин нэмэгдэж байгаа. Аварга болчих юм бол бүр овоо болно шүү дээ.
Намайг “Profit”, “Garuda BJJ MMA, “Ирээдүй ММА” клуб ивээн тэтгэж, бэлтгэл хийлгэдэг. Сая тэмцээнд оролцоход “New happy”, “Mind shift technology” компани ивээн тэтгэсэн. Бүгдэнд нь үнэхээр их баярлалаа.
-Та ярилцлагын эхэнд ямар ч салбарт мэргэжлийн байх чухал гэлээ. Холимог тулааны үнэхээр мэргэжлийн тамирчин Монголд хэр олон байна вэ?
-Мөнгөтэй, чадвар муутай хүмүүс нь дэлхийд Монгол Улсыг төлөөлөн очиж, ялагддаг, шал арчдагаа больмоор байна. Бүх зүйлд мэргэжлийн байдал дутагдаад байгаа шүү. Улс төрчид нь улс төрөө, дуучин нь дуучнаа, тамирчид нь тамирчнаа хиймээр байна. Тус тусынхаа салбарт мэргэжлийн байгаач ээ гэж хэлмээр байна. Чаддаг, чаддаг юмаа хийж байж л эх орноо хөгжүүлнэ шүү дээ, бид.
Бүгдээрээ мэргэжлийн түвшинд очмоор байна. Тэгэхгүй, зүгээр нэг мэргэжлийн бус, юу ч чаддаггүй салбаганасан гарууд нь… Танай нэвтрүүлэгт өмнө нь орсон “Жалам хар” ч байна. “Жалам хар”-д мэргэжлийн сэтгэл зүй байгаа. Гэхдээ мэргэжлийн тамирчин болоход нэг хуруу, сөөм дутуу. Манай доод зиндааны тамирчин. Одоо “Ангууч” гээд байна. Тэр аймар олон дагагчтай, үнэхээр ур чадвартай, атлетик байж болно. Гэхдээ мэргэжлийн тамирчны хувьд бидний доод зиндаа. Тэрийг л ойлгох хэрэгтэй.
-“Ялагч” нэвтрүүлгийг үзээд “Жалам хар”, “Ангууч” хоёрт таагүй байж магадгүй, өөрсдийнх нь амжилтыг үгүйсгэж буй мэт санагдаж мэднэ.
-Үгүйсгэсэн юм биш. Тэдний өөрсдийнх нь хэмжээнд бол амжилт. Мэргэжлийн түвшинд, олон улсад Монгол Улсаа төлөөлөөд явж чадах уу гэдэг хэмжээнд тэд хүрэхгүй. Улсын аварга болж үзээгүй, улс дотроо доод зиндаанаас дээшээ гарч үзээгүй хүмүүс улс орныг төлөөлж явж болохгүй. Мөнгөтэй, инфлюнсер, олонд танигдсан байж болно. Гэхдээ number one. №1 эсвэл №2 тамирчин л улс орноо дэлхийд төлөөлөх хэрэгтэй. Гадаадад тулалдлаа гэхэд зөвхөн Пүрэв гэж гарахгүй. Зөвхөн “Жалам хар”, “Ангууч” гэж гарахгүй. Монгол гэж гарна. Шилдгийн шилдгүүд л улс орноо төлөөлөх ёстой. Гэхдээ тэмцээнд оролцож болохгүй гэж байгаа юм биш. “Жалам хар”, “Ангууч” хоёр энэ спортыг, зөв зүйлийг сурталчлаад явж байгаатай нь бол санал нийлнэ, үнэлдэг. Үүнд нь big like.
-“Ардын хүү” багаасаа хар бор ажил хийж, өнөөгийн амжилтад хүрснийг хүмүүс сайн мэднэ. Аав шигээ архичин болохгүй гэж өөртөө амласан тань яах аргагүй ялалт. Даван туулаад, өнөөгийн хэмжээнд хүрэхэд хамгийн хэцүү зүйл юу байв?
-Би Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Зургаан настайдаа хот руу орж ирсэн. Ээжтэйгээ, хойд аавтайгаа Амгаланд амьдардаг байсан. Би айлын том, доороо гурван эмэгтэй дүүтэй. Айлын том учраас надад үнэхээр том хариуцлага ирж байсан.
Найм, есөн настайдаа вокзалаас нүүрс түүдэг байлаа. Вагон дээр авирч гараад нүүрс буулгаад, шидээд. Цагдаад баригдана. Өдөржин цас цэвэрлэж шийтгүүлнэ.
Ээжээрээ цай чануулаад, орой нь хөргөж тавиад. Түүнийгээ савлан, шилэнд хийгээд, 500 граммыг нь 50 төгрөгөөр зардаг байлаа. Ес, 10 настай хүүхэд 10 литр цайг гурван км газар барьж яваад, зах дээр өдөржингөө тойрч зарна гэдэг ямар хүнд байсан гэж санана. Тэр бүхнээс би мөнгөний үнэ цэнийг, хөдөлмөрийн үнэ цэнийг, бүх зүйлийг би ойлгосон.
-“За, ёстой ингэж ч амьдрах гэж дээ” гэж бодогдуулсан үе хэр олон байв?
-Өдөрт хэдэн зуун удаа шантарна, өөрийгөө хүчлээд босно. Тэгэхгүй гээд өөр яах ч аргагүй амьдрал юм чинь. Шантраад ямар ч нэмэргүй. Би цайгаа зарж байж идэх хоолтой болно, гэр бүлдээ жаахан ч гэсэн нэмэр болно.
Тийм амьдралыг туулсандаа би харамсдаггүй. Өнгөрснөөс сургамж аваад, ирээдүй рүүгээ л алхдаг. Бүх юм нь хангалуун, бэлэн, тийм баян айлд, олигархийн гэр бүлд төрсөн бол би одоо “Ардын хүү” гэж олонд хүндлэгдээд, аварга болоод, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаад яваа ч уу, үгүй ч үү. Тэгээд бодохоор би их азтай хүн. Хамгийн гол нь эрүүл саруул төрсөндөө би баярладаг.
-Олон улсын дэвжээнд “Ардын хүү” гэж зарлуулаад, гарахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би хөөрүү талдаа хүн, сэтгэл хөдлөл ихтэй. Хөөрөөд, догдлоод, “Энэ дэвжээн дээр үзэгчдэдээ гоё тулаан үзүүлье. Ялахын төлөө үнэхээр хичээе” гэж боддог, огшдог.
Би амьдралаас тулаанч болсон. Анхнаасаа тулаанч төрөөгүй. Би өөрөө хүнд зодуулаад байсан болохоор, архичин хүмүүс агсан тавиад, намайг зодох гээд байсан болохоор, би өөрийгөө хамгаалах шаардлагатай болоод тулааны урлагаар хичээллэсэн. Гадуур наймаа хийгээд, гэр бүлээ тэжээх гээд явж байхад хүмүүс намайг дээрэмдээд байсан болохоор би биеэ хамгаалахын тулд тулаанч болсон. Баян айлд төрсөн бол би хэзээ ч тулаанч болохгүй байсан. Баячуудын зарим хүүхэд хар тамхинд ороод, болохгүй, бүтэхгүй зүйлсийг хийгээд явж байна. Тийм болох ч байсан юм бил үү. Тэгээд бодохоор би хатуу бэрхийг туулж өссөндөө баярладаг.
-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн тулаан байгаа юу?
-Сая Монголд зохион байгуулсан эвентэд би сайн тулаан үзүүлсэн болохоор “One championship” энэ онд хийх тулаандаа намайг оруулмаар байна гэсэн. Гэхдээ би ийм ойрхон тулаан хийх бодолгүй байгаа. Одоо жаахан харзнана, он гаргаж байж болно. Багштайгаа ярилцаж байгаад, яг 100 хувь бэлэн болсон үедээ тулаанаа хийнэ.
Би үнэхээр эрэлт, хэрэгцээтэй байгаа. “One championship” эвентүүддээ намайг аль болох хурдан, хурдан тоглуулъя гэсэн саналтай байгаа.
-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. “Ялагч” нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт оролцон, ярилцлага өгсөнд нь баярлалаа. Дэлхийн аварга болох зорилгодоо хүрэх болтугай, амжилт хүсье.
-Сэтгүүлч Б.Буяндалай таныг туслаж, хоёр зураглаачтайгаа ирж, ийм сайхан нэвтрүүлэг хийж өгсөнд үнэхээр баярлалаа. Би цаашид улам хичээнэ ээ. Үйлдлээрээ үлгэр жишээ болоод, эх орныхоо төлөө улам зүтгэнэ. Би эх орондоо хайртай. I love Mongolia гээд би дэвжээнд гараад, омогшоод явдаг. Эх орондоо хайртай байгаарай. Нарантуул зах дээрээс амьдралаа босгоод, би Монголын дэвжээгээ эзэлж авсан. Одоо дэлхийн дэвжээ рүү зорьж байна. Үүнд маань Монголын ард түмэн минь туслаарай, намайг дэмжээрэй.