Time сэтгүүл уламжлал ёсоор 2022 оны шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн шилдгүүдээр Азийн орнууд голчилж байсан нь онцлог байлаа. Ингээд Time сэтгүүлийн шилдгүүдээр шалгарсан Азийн төлөөлөлтэй танилцъя.
2022 оны баатар: Иранд энэ оны 9-р сарын дундуур Махса Амини хэмээх курд эмэгтэй толгойн гивлүүр болох хижабаа буруу өмссөн гэх шалтгаанаар ёс суртахууны цагдаа нарт баригдаж, амь насаа алдсан. Энэ хэрэг улс даяар эмэгтэйчүүдийн эрх, цаашлаад шашны хатуу дэглэмийг эсэргүүцэх жагсаалыг өдөөсөн. Эсэргүүцлийн жагсаал Иранд одоо болтол өрнөж байгаа бөгөөд жагсаалын эхэн үед эмэгтэйчүүд хижабаа тайлж, шатаан тэмцлийн хурц хэлбэрт орж байсан юм. Түүнчлэн Ираны нэр бүхий жүжигчин эмэгтэйчүүд цахим сүлжээнд жагсагчидтай нэг талд гэдгээ илэрхийлж, удалгүй баригдсан явдал саяхан гарсан. Энэ жагсаалыг 1979 оны хувьсгалаас хойших хамгийн том үйл явдал хэмээгээд байна.
2022 оны нүүр царай буюу “icon”: Өдгөө 60 настай Филиппиний жүжигчин Мишел Ёо энэ жилийн нүүр царайгаар тодорлоо. Тэрээр энтертэйнмент ертөнцөд ази гаралтай жүжигчин байхад тулгарч байсан асуудлууд, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаар тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хуваалцсан. Тэрээр “арьсны минь өнгө ямар байх нь угтаа асуудал биш ч энэ салбарт өрсөлдөхөд минь садаа болж байсан” гэжээ. Мишел Ёо 2022 оны 3-р сард нээлтээ хийсэн Everything eveywhere all at once хэмээх адал явдалт, зөгнөлт киноны гол дүрийг бүтээсэн. Түүнчлэн ирэх жилийн Оскарын наадамд түүнийг шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авах магадлалтай тухай яриа хэдийнэ гарч амжжээ.
2022 оны шилдэг уран бүтээлч: Энэ жилийн шилдэг уран бүтээлчээр Blackpink хамтлаг тодорсон юм. Ийнхүү тус хамтлаг энэ төрөлд нэрлэгдэж байгаа хоёр дахь К-поп хамтлаг болж байна Үүний өмнө буюу 2020 онд BTS хамтлаг энэ төрөлд шалгарч байсан. Blackpink хамтлагийн дөрвөн гишүүний хувьд дөрвүүлээ өөр өөр улс оронд өссөн гэдгээрээ онцлог. Тиймдээ ч зөвхөн БНСУ гэлтгүй олон улсад нэр хүндтэй. Тэд мөн дэлхийн томоохон хөгжмийн фестиваль болох Coachella-д уран бүтээлээ толилуулж байсан туршлагатай. Тэд энэ онд 62 сая долларын ашиг олоод байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Эх сурвалж: TIME