Бид “Гашуун яриа”-ны зочноор иргэн Г.Сайнзаяаг урьж ярилцлаа. Гурван хүүхдийн ээж, сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр, хүүдийнхээ ирээдүйн төлөө сүүлийн үед болсон жагсаалуудад идэвхтэй оролцож, нийгэмд сайн зүйл авчрах залуусын нэгэн төлөөлөл болж буй юм.
-Та жагсаалаас шууд ирэв үү? Гадаа хүйтэн байна. Их даарав уу?
-Хүйтэн байна аа. Ирээдүйнхээ төлөө даарах ч яах вэ. Жагсаал бүрийн сэдэв дээр, би юунд нь бага ч гэсэн нөлөөлж чадах вэ гэж боддог. Ер нь ямар ч хүч чадалгүй юм байна гэж бодсон л доо. “Би очоод яах ч билээ” гээд. Гэхдээ алсаа харвал, том зургаар нь харвал, бид энэ хулгайч нараас салах арга бол жагсаалдаа идэвхтэй оролцох, энэ хулгай, шударга бус зүйл чинь таалагдахгүй байна гэдгээ илэрхийлэх гэдгийг ойлгосон. Биднийг төлөөлж байгаа хүмүүсийн ихэнх нь хулгайч нар байна. Хулгай хийгээд түүнийгээ харагдуулахгүй байх тогтолцоогоо маш нарийн бүрдүүлсэн байна. Тэгээд бидний итгэлийг бөхөөх гэж маш их тэмцэж байна. Маш их хичээж байна. Юунд ч битгий итгэ. Угаасаа бүх зүйл худлаа гэж бидэнд ойлгуулж байгаа юм. Сонгууль чинь ч худлаа. Наад жагсаал чинь ч худлаа. Та нар хэзээ ч энэ мөнгөө олж авч чадахгүй гэдэг байдлаар итгэл үнэмшлийг нь мөхөөж байгаа. Итгэл найдвараа алдчихвал бид юуны төлөө амьдрах вэ.
-Жагсагч залуучууд биднийг нэгтгэх зүйл дутагдаж байна гэж ярьж байсан. Таны бодлоор жагсаалд дутагдалтай санагдаж байгаа зүйл бий юу?
–Batman-ийн ертөнцөөр ярих юм бол бид нар Carmine Falcone-той тэмцэж байгаа юм. Тэр бол бүх цагдаа, бүх хууль хүчнийхэн , улс төрчдийг нь нэгтгэсэн байдаг мафийн бүлэглэлийн тогойлогч. Бид нар тийм хүмүүстэй тэмцэж байгаа. Бид нар 76 мал гээд яриад байдаг. Тэр хүмүүс мал биш ээ. Тэд үнэхээр ухаантай, үнэхээр зэвүүн, аймар хүмүүс. Тийм байж энэ хулгай харагдахгүй системийг бүрдүүлээд хууль батлаад явж байна. Бид нар хэний өмнөөс тэмцэж байгаа вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Хэрсүү ухаантай байх ёстой. Бид batman-ийг хүлээгээд байгаа юм. Тийм биш. Хэнд ч битгий даатга. Өөрсдөө гарч ирээд тэмц. Бүх зүйлд оролц.
Улс төрчид, манай улс маш ядуу, өр ширэндээ баригдаж, өтөнд идэгдсэн гэж итгүүлчхээд, монгол ерөөсөө бүтэхгүй гэж ойлгуулчхаад өөрсдөө идэж уугаад байж байна. Хэрвээ манайх үнэхээр ядуу улс орон юм бол энэ хүмүүс улс төрд гарах гэж тэрбум тэрбумаар нь хүнд авлига өгөх үү.
-Хүүхдүүд ирээдүйнхээ төлөө жагсаж байгаагаа хэлсэн шүү дээ. Энэ талаар тодруулаач?
-Би гайхаад байгаа юм. Улаанбаатарт яах гэж амьдраад байгаагаа. Цуглуулсан хөрөнгө юу ч байхгүй. Бүх л юмаа маш нарийн тооцож байж л болгож байгаа. Үгүй бол нэг өдөр шоудаад ороод ирэхэд маргааш бүх мөнгө нь дуусчихсан байхаар хэмжээнд байна. Ургамлын тосны үнэ өссөн. Би гэртээ өөхөн тос гаргаад, үүндээ хоолоо хуурч байна. Энэ нь яах вэ эрүүл сонголт мөн. Нэг бодлын энэ нь сайн тал. Нөгөө талдаа бүх зүйлд эвлэрч дасаж амьдрах ёсгүй. Одоо залуус юу ойлгож байна гэхээр, өнөө маргаашаа болгоод явах юм бол насаа барах юм байна. Манай хүүхдүүд дахиад л ингэж амьдрах юм байна. Тийм болохоор ажлаа болиод, ажлаа таслаад талбай дээр жагсъя. Шударга маргаашийн төлөө жагсъя гэдгээ ойлгосон байна.
-Үндсэн эрхээ эдэлж чадахгүй, эрх нь зөрчигдөөд байгаа хүмүүс л талбай дээр байна. Тийм үү?
-Манай хүү найман настай. Би хүүдээ үндсэн хуулийг уншиж өгсөн юм. Чи ийм эрх үүрэгтэй гээд хэлсэн чинь, “Тэгвэл энэ эрх чинь эдлэгдэхгүй байгаа юм байна шүү дээ. Манай дүү цэцэрлэгт тэнцээгүй” гээд ярьж байсан юм. Үүнийг найман настай хүүхэд ойгож байна. Би 30 хүрэх гэж байж үүнийг ойлгохгүй дүлий дүмбэ оргиод гэртээ сууж байвал үнэхээр ичгэвтэр хэрэг.
Бидэнд нэг зорилго л байна шүү дээ. Хулгайч нарыг зайлуулах. Түүндээ яаж хүрэх үү гэдэг арга чаргаа бодолцоод ухаанаа уралдуулаад, бүх нийтээрээ төгс зүйл боловсруулаад тэмцэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэгдье гэсэн хүмүүсийг албаар тарааж байгаа хүмүүс ажиглагдаж байна. Бид энэ муухай зүйлийг өөрчилж чадна. Бидэнд хүч чадал нь байгаа. Өөртөө ч хүртэл бид итгэхээ больсон байна. “Бид юу ч чадахгүй ээ. Улныхан байхдаа таарсан” гэх хүртэл итгэл найдварыг нь мохоосон байна шүү дээ.
Өдөр надад нэг залуу хэлсэн юм. Бид нар бартай нэг торонд орчхоод энэ намайг идэхгүй байх гээд байж байна. Сайхан сэтгэл бол тэнэгийн дараагийн хэлбэр гэж надад хэлсэн. Тэр бол үнэн. Эрх мэдэлтнүүд бидэнд энэ асуудлыг цэгцлэхэд маш хэцүү юм шиг санагдуулаад байгаа. Ухаад үзэх юм бол маш энгийн зүйл л байгаа. Энэ хулгайч хүмүүсийг гишгэх газаргүй болгочихвол болно шүү дээ. Бидэнд хүч чадал нь байгаа шүү. Үүнийг олж хараарай. Бүгдээрээ нэгдэх хэрэгтэй. Цогтоо хэлсэн. Гурван толгойтой мангасыг дийлэх хүн байхгүй. Хүн бол байхгүй. Нэгдвэл харин чадна. Бид үүнийгээ мэдэхгүй байна.
-Таны өгсөн хэд хэдэн ярилцлагыг үзэхэд хүмүүс санал нэгдэхийн хажуугаар шүүмжлээд байсан. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Намайг тэгж бичсэн байна билээ. Хүүхэдтэйгээ очвол 150 мянган төгрөг өгдөг гэж байна гээд. Би 150 мянган төгрөгөөр өрөөсөн хөлөө ч талбай дээр тавихгүй. Өнөө маргаашийн хоолоо олж идье гэдэг зүйл чинь энэ тогтолцоог үүсгэснийг бүгд мэдэж байхад дахиад яагаад мөнгө аваад явъя гэж бодох юм.
-Тэмцэхэд итгэл найдвараас өөр юу чухал вэ?
-Ухаан. Хэрсүү байх ёстой. Могой шиг зальтай байх ёстой. Мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Одоо та нар утсаа урдаа бариад түүнрүүгээ хараад үзээрэй. Цаана нь байгаа бүх зүйл бүрсийнэ. Эрх мэдэлтнүүд биднийг бодит байдлаас аль болох холдуулахыг л хүсдэг. Энэ нь зөвхөн монголд биш дэлхий тэгж эргэж байгаа. “Бодит байдлаасаа холдоод наад гоё контент, Netflix-ээ үзээд байж бай” гээд бүх амьдралын асуудлыг бүрэлзүүлж байгаа. Тэгэхээр сэрэх хэрэгтэй. Юу болоод байна гэдгийг дүгнэж, ажиглах хэрэгтэй.
Залуу хүн уйдаж болохгүй гэдэг. Яг үнэндээ уйдах хэрэгт эй. Уйдаад буйдан дээрээ хэвтэж байхад гоё санаа орж ирдэг. Хүн алхахаасаа уйдаад бүжиглэсэн гэж ярьдаг шүү дээ. Уйтгар гунигаас хамгийн гоё бүтээлүүд төрсөн. Тэгэхээр бидний тархийг байнга завгүй байлгаад, бодит байдлаас холдуулах л зорилготой байна. Тиймээс мэдээллээ маш зөв сонгож хар. Дүнэлт хий. Ажигла.
-Баярлалаа.