Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан Өмнөговь аймагт ажиллаж байна. Одоогоор тус компанид онцгой дэглэм тогтоож, орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон.
“Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон юм.