Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 11 дүгээр 06-ны өдөр Завхан аймагт “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, “Зах зээл бэлчээрийн удирдлага” төслийн дэд зохицуулагч С.Гүн-Уянга, “ЖАЙКА” Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах төслийн хуульч Г.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж, “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнд оролцов.
Мөн үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, хүнс үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, тариаланчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хоршооны гишүүд нарын нийт 100 гаруй хүн оролцлоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтэд оролцогчдод хүргэсэн мэндчилгээг уншиж танилцуулан үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.
Хүнсний хангамж, аюулгүй байдлын зорилтыг хэрэгжүүлснээр дотоодын хүнсний хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдаалагч, худалдан авагчаа тодорхой болгох, агуулах, лабораторийн асуудалд анхаарч цогцоор нь шийдвэрлэх нь чухал. Бид өөрсдөө хүнсний аюулгүй байдалд тавих хяналтаа сайжруулах шаардлагатай. УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол баталсан. Энэхүү тогтоол нь 5 үндсэн зорилттой.
- Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох
- Удирдлага, зохион байгуулалт, институтийн чадавхыг сайжруулах
- Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх
- Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр бид дотоодын хүнсний хэрэгцээгээ зуун хувь хангах боломжтой” гэдгийг хэллээ.
Үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ
- Завхан аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 33 зорилтыг дэвшүүлжээ. Тухайлбал,
- Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэн тэргүүнд сүргийн эргэлтээр малын тоог бэлчээрийн даацад тохируулна.
- Ялган тэмдэглэсэн бүх малыг бүртгэл мэдээллийн санд оруулж мэдээллийн сан үүсгэнэ.
- Махны чиглэлийн 50-иас доошгүй үхэртэй эрчимжсэн аж ахуйг шинээр байгуулна.
- Малын гоц халдварт өвчний тархалтыг бүрэн хяналтад авч, малын өвчлөлгүй бүс болох төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд 3755,2 мянган толгой мал тоологдож, 9,1 мянган мал хорогдож 1337,0 мянган төл хүлээн авч нийт 5082,9 мянган толгой мал бэлчээрлэж байна. Зах зээл болон хүнсний хэрэглээнд 967,2 мянган малыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 2022-2023 оны өвөл 24 сумын 116 багийн 10,0 мянган өрхөд 4,0 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 6,8 сая мал өвөлжих урьдчилсан дүн гарчээ.
Завхан аймаг "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 33 зорилт 20 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна
“Завхан аймаг сүүний үйлдвэргүйгээс хүний биед нэн шаардлагатай сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Харин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд санхүүжилт олгогдсоноор сүүний үйлдвэр байгуулах боломжтой болж байна. Хүнсний ногооны хувьд 30 хүрэхгүй хувийг дотоодоосоо хангадаг. Цаашид хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангадаг болох зорилт тавьж, энэ хүрээнд 1000 тонны багтаамжтай хүнсний ногооны зоорь барихаар төлөвлөжээ.