Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар Сэлэнгэ аймгийн Хушаат суманд ажиллалаа.
Тус сумын “Өгөөж мандал уул” компани 200 га тариалангийн талбайд нарс, шинэс, хус, улиангар, улиас, хайлаас, бургасны 20 мянган суулгацыг гурван эгнээгээр тарьж, ойн зурвас байгуулсан туршлагатай бөгөөд хөрс хамгаалах зорилгоор 2500 га буюу 116 километр талбайг хашаажуулжээ.
Тариалангийн талбайд ойн зурвас байгуулах, хашаажуулах ажилд дэмжлэг үзүүлбэл цаашдын арчилгаа, хамгаалалтыг өөрсдөө бүрэн хариуцах боломжтой гэдгээ тариаланчид илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уул уурхайн компаниуд тариалангийн бүс нутагт ойн зурвас байгуулахад идэвх, санаачилгатай оролцож, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллахыг уриалж, зохион байгуулалтын арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тариалангийн талбайд ойн зурвас байгуулж, хашаажуулах нь:
- Хөрсний бүтцийг сайжруулж, салхины элэгдлээс хамгаалах,
- Агаарын харьцангуй чийг, хөрсний чийгийн хэмжээ нэмэгдэн ургамал ургах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх,
- Ашигт бичил биет амьдрах чадвартай болсноор хөрсний үржил шимийг сайжруулах,
- Дулааны хангамж нэмэгдэн тариалалтыг эрт хийх бололцоог бүрдүүлэх,
- Тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулах,
- Талбайд сүрлэн хучлага үүсгэх,
- Уриншийн талбайг 50 хувь бууруулах,
- Мал, амьтнаас талбайг хамгаалах,
- “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улс орныг ойжуулахад хувь нэмэр оруулах,
- Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, экологид ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэл явуулах,
- Уур амьсгалын дулаарал, экологийн тэнцвэртэй байдлыг хангах гээд олон талын ач холбогдолтойг онцлон, ойн зурвасаа өөрсдөө арчлах тариаланчдын санаачилгыг сайшаалаа.