Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр ижил бүтээгдэхүүнд ялгаатай үнэ тогтоосон гэх асуудлаар “Юнивишн” компанид зөрчлийн хэрэг нээсэн талаар мэдээллээ. “Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл өгөөгүй байхад “Юнивишн” компани үнээ нэмсэн нь тогтоогдсон. Давамгай байдалтай аж ахуйн нэгжийн үнийг заавал ХХЗХ хянах ёстой. Үнэ нэмэх үндэслэлтэй эсэхийг ХХЗХ тогтооно. Мөн хэрэглэгчидтэй гэрээ байгуулахдаа харилцан адилгүй төлбөртэй байгааг нь тогтоолоо. Жишээлбэл, “S” багц нь гэр хороололд нэг, орон сууцны хороололд өөр нэг үнэтэй байна. Энэ нь давамгай аж ахуйн нэгж ижил төрлийн бүтээгдэхүүнээ ялгаатай үнээр худалдахыг хориглох заалтыг зөрчиж байна. Тиймээс зөрчлийн хэрэг нээсэн” гэв.