Иранд болж байгаа шашны хатуу дэглэмийн эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцсон иргэнд цаазаар авах ял оноосон эхний тохиолдол гарлаа. Мохсен Шекари гэх иргэнийг "Бурхны эсрэг дайсагналцсан" хэмээн гэм буруутайг нь тогтоосны дараа пүрэв гарагийн өглөө дүүжилсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Түүнийг есдүгээр сарын 25-нд Тегеран хотын төв замыг хааж, хүчнийхний нэг гишүүнийг хутгаар шархдуулсан "үймээн самуун дэгдээгч" гэж буруутгасан байна.
Харин хүний эрхий төлөө зүтгэлтнүүд түүнийг ямар ч үндэслэлгүйгээр яллагдсан хэмээн бухимдлаа илэрхийлж байна. Норвегид төвтэй Ираны хүний эрхийн байгууллагын захирал Махмуд Амири-Могддам "Ираны эрх баригчдад олон улсын хэмжээнд арга хэмжээ авахгүй бол жагсагчдыг цаазлах ажиллагаа өдөр бүр хийж эхэлнэ” гэж твиттер хуудсандаа бичсэн байгаа юм.
Ираны шүүх жагсаалд оролцсон нийт 11 хүнд цаазаар авах ял оноосноо мэдэгдээд байгаа. Эмэгтэйчүүдийн тэргүүлсэн уг эсэргүүцлийн жагсаал нь тус улсын 160 хотыг хамарсан бөгөөд 1979 оны хувьсгалаас хойших Исламын Бүгд Найрамдах Улсад тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг гэж тодорхойлогдож буй. Харин Ираны эрх баригчид жагсаалыг гадаад дайснуудын өдөөн хатгасан “үймээн самуун” хэмээн тодотгож, аюулгүй байдлын хүчнийхэнд жагсагчдын “учрыг олох”-ыг үүрэг болгосон. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээллийн агентлагаас мэдээлснээр одоогийн байдлаар дор хаяж 475 жагсагч амь үрэгдэж, 18,240 хүн баривчлагдсан. Мөн аюулгүйн албаны 61 ажилтан нас барсан тухай мэдээлжээ.
Жагсаал 9-р сарын дундуур 22 настай Махса Амини гэх эмэгтэй ёс зүйн цагдаад баривчлагдсаныхаа нас барснаас үүдэж эхэлж байсан юм.
SOURCE: BBC