Нүүрсний хулгайн асуудлаар хянан шалгах ажлын хэсэг өчигдөр байгуулагдсан. Энэ талаар ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.
Тэрбээр ярихдаа, “Урд шөнө Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүй шалтгаанаар баривчиллаа. Б.Ганхуяг нь "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй. Баривчлагдсан хүмүүсийн орон байранд үзлэг нэгжлэг хийгдэж байгаа.
Мөн "Хишиг арвин индустриал" компанийн зарим удирдлагыг баривчилсан. Энэ компани "ЭТТ" компанийг байгуулснаас хойш хөрс хуулах ажил гүйцэтгэж байсан байна.
Ажлын хэсэг нь мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газрын харьяа агентлагуудаас мэдээлэл гаргаж өгөх, гадаад улсаас хил гаалийн мэдээллийг өгөх, тусгай шинжээч нарыг томилох чиг үүрэгтэй ажиллана" гэлээ.
Түүнчлэн тэрбээр мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэн талаар мэдээлэл өглөө.
Энэ талаар ярихдаа, “Аймаг бүрээс гурван мөрдөн байцаагчийг хянан шалгах ажилд татан оролцуулна. Мөн хилийн нэвтрүүлэх хэсэгт ажилладаг гаалийн бүх ажилтныг шалгана. Үүгээр мөрдөн шалгах ажиллагаа эрчимжиж байна” гэв.