ХБНГУ-д улсын хэмжээнд явуулсан ажиллагааны үеэр террорист байгууллагын гишүүн, дэмжигч байж болзошгүй 25 хүнийг лхагва гарагийн үүрээр баривчилжээ. Холбооны прокуроруудын мэдээлснээр 3000 гаруй хүчнийхэн Германы 16 мужийн 11-ээс нь дээрх сэжигтнүүдийг баривчилсан. Эдгээр сэжигтнүүд дайны дараах Германы үндсэн хуулийг үгүйсгэж, засгийн газрыг унагахыг уриалж байна гэж албаныхан үзэж байна. Тодруулбал, хэт барууны гэж тодорхойлж буй энэ хөдөлгөөний нэг хэсэг нь Германы төрийг хүчээр түлхэн унагаж, шинэ засгийн газар байгуулах тодорхой төлөвлөгөөгөө аль хэдийнэ, маш сайтар бэлдэж гаргасан байсан гэж албаныхан мэдэгдлээ.
Энэ талаар Холбооны прокурорын газар болон Хууль зүйн сайд Марко Бушманн мэдэгдсэн. Бушманны хэлснээр “энэ ажиллагаа нь Рейхсбургерын хөдөлгөөнтэй холбоотой сэжигтэй террорист сүлжээний эсрэг чиглэгдэж байна. Тэд төрийн байгууллагууд руу зэвсэгт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байж болзошгүй” гэсэн юм. Түүнчлэн 71 настай тус бүлэглэлийн толгойлогч байж магадгүй эрийг шинэ удирдагчаар томилохыг хүссэн бөгөөд энэ төлөвлөгөөнд ОХУ-ын албаных мөн байсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. Харин Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яам Герман дахь террорист бүлэглэл, хууль бус байгууллагатай ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: DW, EURONEWS