
БНХАУ-д өнгөрсөн долоо хоногт “Тэг Ковид” бодлогыг эсэргүүцэж, хэд хэдэн томоохон хотуудад оюутан залуус жагссан. Үүний дараа албныхан гурван жилийн хугацаанд тус улсад хэрэгжиж ирсэн “Тэг Ковид” бодлогын зарим хязгаарлалтад өөрчлөлт орууллаа. Тодруулбал, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй иргэд заавал тусгаарлах байранд бус гэртээ тусгаарлагдах боломжтой болсон байна. Мөн иргэд үйлчлүүлж байгаа ихэнх газрууддаа заавал ковид-19-ийн сөрөг гэсэн шинжилгээний хариу харуулах шаардлагагүй болсон байна.
Хятадын цахим сүлжээнд иргэд шинэ шийдвэрүүдэд тайвширч байгаагаа хуваалцсан ч гэнэтийн өөрчлөлтүүдэд санаа зовниж буйгаа мөн илэрхийлж байна. Тухайлбал иргэд “Ингэж нэг юм хэн нэгэн намайг ойрын хавьтал гээд аваад явчих вий гэсэн айдсаасаа ангижирлаа”,”Хэн нэгэн надад юу болоод байгааг хэлээд өгөөч, яагаад ийм гэнэтийн өөрчлөлт гарав?” зэргээр сэтгэгдлүүдээ илэрхийлсээр байгаа юм. Энэхүү томоохон өөрчлөлтүүд нь Хятад улс “Тэг Ковид” бодлогоосоо татгалзаж, дэлхийн бусад орнуудын нэгэн адил "вирустай зэрэг амьдрах" гэж байгааг илтгэж байна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Гэвч тус улс өдөр бүр 30,000 гаруй халдварын тохиолдолтой тэмцэж буй хамгийн том давалгааны үедээ энэ чанга бодлогоо сулруулж байгаа хэрэг юм.
Эх сурвалж: BBC