Манзуширын хийд дахин сэргээгдсэний 30 жилийн ойн хүрээнд хийгдэх олон ажлуудын эхлэл болсон аймгийн төвийн Цогчэн дуганы их засварын ажлыг аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас санаачлан, дэмжиж 2021 оны 9 дүгээр сард эхлүүлсэн билээ.
Төрөлх Төв сайхан нутгийн түүхийн хуудас, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээнд буян хураасан хийдээ сэргээн засварлах ажил дуусаж, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, дэмжлэгээр “Буян үйлдэгч” хэмээх усан Бар жилийн сар шинийн босгон дээр равнай өргөж, балин адислагаа хийн хурлаа хурж, сүсэгтэн олноо үүдээ нээсэн юм. Аливаа хийд орон болон суварга шүтээн бүтээн босгоход зориулсан буян нь тухайн шүтээн хэдий хүртэл оршин байна, тэр хүртэл улам өөдөө арвижин дэлгэрдэг гэдэг. Хийдийн их засварын үйлсэд хандив, чин сэтгэлийн өглөг өргөсөн албан байгууллага, өглөгийн эзэд та бүхэн энэ болон дараа дараагийн төрөлдөө эрүүл энх, эд эдлэл, идээ ундаа элбэг дэлбэг байж, ажил үйлс тань сэтгэлчлэн бүтэж, амар амгалан байх болтугай.