АТГ-аас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг цагдан хорьсон гэх мэдээлэл гараад байна. Түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбоотой 15 хүний нэгээр нэрлэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар Засгийн газраас мэдээлж байсан. Б.Ганхуягийг нүүрсний хэрэгтэй холбоотойгоор ажлаас нь чөлөөлж, Эрдэнэс тавантолгой компанид онцгой дэглэм тогтоогоод байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүс нүүрсний хэргээ дарахын тулд олон нийтийг турхирч жагсаал зохион байгуулсан” хэмээн мэдэгдсэн юм.
Тэрбээр өмнө нь "“Намайг тамга тэмдгээ аваад зугтсан гэх мэдээлэл худал. Өнөөдрийг хүртэл би өөрийгөө зугтаж биш, зүтгэж ажиллаж байгаа гэж ойлгож байна. Тамга угаасаа надад ч байдаггүй. Журмаараа манай тамгын газрын даргад бий. Би эрх бүхий гарын үсгийн баталгааг гаргадаг хүн. Онцгой дэглэм тогтоосон асуудлыг буруу зөрүүгээр битгий ойлгоосой. Талууд хамтраад хүч нэмээд явна. Эцсийн дүндээ Монголын эдийн засаг урагшилна гэж хэлэхийг хүсэж байна" гэж мэдэгдэж байсан юм.