Дэлгэрэнгүйг дээрх видеоноос үзнэ үү
Гэр хороололд амьдарч буй иргэд картаар долоон хоногт зургаан шуудай нүүрс худалдан авах эрхтэй. Гэтэл энэ нь айл өрхүүдэд хангалттай хүрэлцэхгүй байгаад иргэд бухимдалтай байна. Учир нь нэг айл гэхэд хүйтний эрч эрт чангарч байгаагаас үүдэн өдөрт дунджаар хоёр шуудай нүүрс түлэх шаардлагатай байгаа юм. Хэрэглээгээ хангаж чадахгүй байгаагаас бага насны хүүхдүүдтэй айл өрхүүд шөнөдөө галаа зогсоож, хүүхдүүд хүйтэн гэрт арай гэж босон хичээл сургуульдаа явдаг талаар хэлж байна.
Бидэнд мэдээлэл өгсөн иргэдийн ярьж буйгаар, “Томчууд нүүрсээ хулгайлж, хил давуулан хөрөнгөжиж байхад ард түмэн бид хүйтэн гэртээ осгож үхэх нь холгүй сэрж байна. Одоо цаг агаар улам л хүйтэрнэ. Тэгэхээр бид яах юм бэ. Нүүрсний тоогоо нэмэх шаардлагатай байна. Долоон хоногт зургаан нүүрс гэж хязгаарлах шийдвэр гаргасан томчууд өөрсдөө гал түлээд амьдарч үзээгүй. Бодит амьдралд ойр биш энэ асуудлыг шийдэхгүй бол хүнд байна” гэсэн юм.
Харин Дарь-Эхтэй ойр байрлах сайжруулсан түлш худалдаалах цэгийн ажилтны ярьж буйгаар, “Манай цэг дээр өдөртөө таван тонн нүүрс ирдэг. Хүрэлцээ муу байгаа нь анзаарагдаж байна. Нүүрсээ хангалттай авахыг хүссэн иргэд янз бүрийн л арга сүвэгчилдэг. Гэвч долоо хоногт зургаан нүүрс л олгохоор заасан учраас биднээс гуйгаад тусыг эс олно. Хүүхэд даараад байна нэг шуудай нүүрс зарчхаач дээ гээд ирэх хүмүүс олон” гэлээ.
Түүнчлэн нийтийн байранд амьдардаг хүмүүс тодорхой хаяггүй байдаг учраас түлшний карт авах боломж байдаггүй. Улмаар байрны эзэн түлшний 2-3 картаараа 8-10 айлын дулааныг хангах гэж зовдог талаараа хэлсэн юм. Тэдний ярьж буйгаар, бид нийтийн байрныхаа хажууд гэр бариад амьдардаг. Өөрсдөө нүүрс түлж чадахгүй модоор галлаж өдрийг өнгөрөөдөг. Нүүрсээ хэмнэсэндээ тэр шүү дээ. Нүүрс дууссан үед дугуйны хамераас авахуулаад шатааж болох бүхнийг л түлж байна. Ямар хөлдөж үхэлтэй нь биш. Ард түмний амьдрал үнэхээр хэцүү байна. Долоон хоногт олгох зургаан шуудай нүүрсээ нэмэх шаардлагатай шүү дээ. Манай нийтийн байранд ахмадууд, жаахан хүүхэдтэй залуу хосууд гээд янз бүрийн хүмүүс байгаа. Өдөр бүр л даарч байна. Хүйтэн байна гэсэн гомдол ирдэг. Нүүрсний хязгаар нь ийм байхад бид яалтай билээ” гэсэн юм.