Аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар “Орлогод нийцсэн орон сууц”-ны талаар авах зарим арга хэмжээний төслийг хэлэлцэж байна.
Баян-Өндөр сумын Уртын гол багт баригдаж байгаа 260 айлын орон сууц нь орон нутгийн санхүүжилтээр барьж буй хамгийн анхны бүтээн байгуулалт юм.
Барилгын нийт санхүүжилтын талаар Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Ц.Баяржаргал мэдээлэл өглөө.
“2021 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн таван удаагийн гүйцэтгэлээр нийтдээ 15,4 тэрбум төгрөгийн санхүүжилтыг авсан. “Эрдэнэт” үйлдвэрээс өнгөрсөн жил 1,5 тэрбум төгрөг, энэ жил арваннэгдүгээр сарын 23-нд хоёр тэрбум нийтдээ 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилтыг авсан байна. Таван блок орон сууцанд магадлал хийсэн нийт дүн 26 тэрбум 654 сая төгрөг. Гадна инженерийн шугам сүлжээний холболт 753 сая төгрөг. Ингээд нийт төсөв 27,4 тэрбум төгрөг. Одоогоор санхүүжилт авсан гүйцэтгэл 56 хувьтай байна. Таван блок орон сууцны А блок 65 хуьтай, B Блок 80, С блок 70, D блок 82 хувьтай, Е блок суурийн ажлаа 10 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт төслийн гүйцэтгэл 67 хувьтай байгаа юм. Шаардлагатай санхүүжилт 12 тэрбум төгрөг байна. Үүнийг орон нутгийн төсөв дээр тавих боломжгүй байгаа учир тодорхой хэсгийг иргэдэд худалдан борлуулж, орон нутгийн төсөвт орлого төвлөрүүлснээр үлдэгдлийг өгөх шаардлагатай.
Үлдэгдэл санхүүжилтэд гадна талбайг тохижуулах 420 сая төгрөг багтсан. Үүнд, гадна авто машины зогсоол, тоглоомын талбай, явган хүний зам байна” гэлээ.