ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар “Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр-ийг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхтэй уялдуулан Төрийн албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, сурах болон нийгмийн баталгаа хангах зорилтуудыг хэрэгжүүлсний үндсэн дээр тогтвор суурьшилтай, мэргэшсэн, үр бүтээлтэй, ажиллах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлсэн, чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлж, бэхжүүлэх нь энэхүү хөтөлбөрийн зорилго юм.
Тус хөтөлбөр нь…
• Төрийн албан хаагчийн ажиллах орчин, нөхцлийг сайжруулан ногоон ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх,
• Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг ханган, тэднийг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэх,
• Өөрчлөлт, хөгжлийн стратегитай уялдуулан төрийн албан хаагчийг сургаж хөгжүүлэх гэсэн үндсэн гурван зорилттой.
Нэгдүгээр зорилтын хүрээнд 6, хоёрдугаар зорилтын хүрээнд 10, гуравдугаар зорилтын хүрээнд 11 арга хэмжээг 2023-2026 он хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр боловсруулан аймгийн Засаг даргаар батлуулан хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж, тайлан, үр дүнг аймгийн Засаг даргын зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл болон аймгийн ИТХ-д тус тус тайлагнах юм.
2021 оны жилийн эцсийн байдлаар Орхон аймагт төрийн 96 байгууллага үүнээс төрийн захиргааны 27, төрийн тусгай чиг үүргийн 5, төрийн үйлчилгээний 64 байгууллагад нийт 4319 төрийн албан хаагч ажиллаж байна. Эдгээр байгууллагуудад төрийн улс төрийн албан тушаалтан 35, төрийн захиргааны албан тушаалтан 430, төрийн үйлчилгээний 3777 албан хаагчид төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Уг хөтөлбөрийг боловсруулахтай холбогдуулан төрийн байгууллагуудын албан хаагчдаас судалгаа авчээ.
Нийгмийн баталгааны талаарх асуулгад 1231 хамрагдсанаас 45.8 хувь нь өөрийн эзэмшлийн орон сууцанд, 9.5 хувь нь бусдын эзэмшлийн орон сууцанд, 27.1 хувь нь өөрийн эзэмшлийн хашаа байшинд, 7.3 хувь нь бусдын эзэмшлийн хашаа байшинд, 7.4 хувь нь түрээсийн орон сууцанд, 2.5 хувь нь түрээсийн хашаа байшинд амьдарч байна гэжээ. Харин Төрийн албан хаагчдын богино болон дунд хугацааны сургалтад хамрагдаж чадаж байгаа эсэх асуулгад тийм гэж 34.2 хувь, заримдаа гэж 45.9 хувь, үгүй гэж 19.4 хувь, бөглөөгүй 4 хүн байна. Та төрийн албан хаагчтай холбоотой аливаа нийгмийн баталгаанд хамрагдаж чадаж байгаа юу гэсэн асуулгад тийм гэж 46 хувь, үгүй гэж 46 хувь, бөглөөгүй 8 хувь байсан байна.
Тиймээс уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр….
- Төрийн албан хаагчийг сургах болон ажиллах нөхцлийг сайжруулснаар орон нутгийн бодлого, шийдвэрийн үр дүн, хэрэгжилт сайжирч, төрийн бүтээмжийн чанар, үйлчилгээний хүртээмж дээшилнэ.
- Төрийн болон байгууллагын өөрчлөлт, хөгжлийн стратегитай уялдуулан шинэ мэдээ, мэдээлэл бүхий суралцагч, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлсэн байна.
- Төрийн албан хаагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сурч, хөгжих таатай орчин бүрдсэн байна.
- Иргэд, олон нийтийн дунд төрийн албан хаагчдын талаархи ойлголт мэдлэг, хандлага сайжирч, үйлчилгээ авагчдын сэтгэл ханамжийн түвшин нэмэгдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн “Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг орон нутагт анх удаа Орхон аймаг боловсруулж, хэрэгжүүлэхээр ИТХ-ын хуралдаанаар ийн батлууллаа.