Бүгд Найрамдах Польш улсын Өргөмжит консулын газар Орхон аймаг, Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулахаар албан ёсны нээлтээ өнөөдөр хийлээ.
Үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко, Орхон аймагт суух Өргөмжит консул О.Хулан бусад холбогдох албаны хүмүүс, АНН, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов.
БНПУ-ын Гадаад харилцааны сайд Збигнев Рау энэ оны тавдугаар сарын 26-нд Монголд айлчлахдаа Орхон аймагт суух Өргөмжит консулаар О.Хуланг таван жилийн хугацаатай томилсон юм. Өнгөрсөн наймдугаар сард Элчин сайд ноён Кшиштоф Бойко Орхон аймагт зочлох үеэрээ аймгийн удирдлагуудтай уулзаж, Орхон аймаг, Эрдэнэт хотод суух Польш Улсын Өргөмжит консулаар О.Хуланг томилсноо албан ёсоор танилцуулсан. Уг уулзалтын үеэр арваннэгдүгээр сард Өргөмжит консулын оффисоо албан ёсоор нээх тухай хэлж байсан нь ийн өнөөдөр биеллээ олж байна.
Элчин сайд ноён Кшиштоф Бойко үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Польш улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 10 жилийн ойн баярын дараах энэ өдөр Орхон аймагт БНПУ-ын Өргөмжит консулын газрыг нээх үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Хоёр орны худалдаа эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн бодитоор хөгжүүлэхэд Орхон аймаг дахь БНПУ-ын Өргөмжит консул чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаа тухай онцолсон.
Мөн тэрээр БНПУ-ын Өргөмжит консул О.Хулан албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Польш,Эрдэнэт хотын хамтын ажиллагааг өндөр төвшинд гаргаж, олон боломжоор баяжуулан хөгжүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Зууны манлай бүтээн байгуулалттай Орхон аймаг, Эрдэнэт хотод Бүгд Найрамдах Польш улсын Өргөмжит консулын газар нээгдэж байгаад туйлын баяртай байна хэмээн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал зочдод мэндчилгээ дэвшүүлсэн.
Тэрээр, Өргөмжит консулын газар Орхон аймагт нээгдсэнээр хоёр улсын харилцааг улам идэвхжүүлж, эдийн засгийн хамтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, соёлын болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа ч хэлэв. Манай аймагт хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд есөн сая еврогийн санхүүжилтээ “Хатуу хог хаягдал ангилах ялгах үйлдвэр байгуулах, хог хаягдал татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл” хэрэгжиж байгаа. Тун удахгүй үйлдвэр маань бүрэн хүчин чадлаараа ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж Засаг даргын орлогч А.Түвшинжаргал онцоллоо.
Бүгд Найрамдах Польш улсын Өргөмжит консулын газрын албан ёсны нээлтийн үйл ажиллагааны үеэр Польшийн соёлын өдөр арга хэмжээг зохион байгуулсан. Тус улсын дуучин ая зохиогч, импровизатор Анна Мария Ёопек уран бүтээлийн дээжсээсээ толилуулахын зэрэгцээ Эрдэнэт дуу бүжгийн чуулгын хөгжимчидтэй хамтарсан тоглолт үзүүлсэн нь зочдын сонирхлыг ихээхэн татаж байв.
Орхон аймагт суух Өргөмжит консул О.Хулан нь Румын Улсын Бухарест хотын Эдийн засгийн академи, Их Британийн, Лондон, Режент сургуулийн англи хэлний курс, Их Британий Нортумбрия Ньюкасл ( University of Northumbria Newcastle) их сургуулийн Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр тус тус төгсжээ. Мөн Их Британий Уэльсийн их сургууль ( University of Wales), Кардифф, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Орхон аймагт суух Өргөмжит консул О.Хулан “Эрдэнэт хот нийгэм, эдийн засаг, хүн ам, үйлдвэрлэлийн томоохон хот. Тиймээс орон нутагт Польшийн хөрөнгө оруулагчдыг татах, Эрдэнэт хотын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг Польш улсад таниулан сурталчлах гэх мэт олон талын боломж нээгдэх юм” гэлээ.
Тэрээр, Өргөмжит консулаар томилогдон ажилласнаар хоёр улсын хамтын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх, БНПУ болон Монгол Улсын иргэдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэх мэт үүргийг хүлээж ажиллах юм.
Эрдэнэт хотод байгуулж буй Консулын газрын тойрогт Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Архангай зэрэг 13 аймаг хамаарна.