Засаг даргын энэ долоо хоногийн шуурхай хуралдаанаар “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, Орхон АЗЗА ТӨХК, Сууц өмчлөгчдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв.
Тухайлбал, “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК 2022-2023 оны өвөл 14341 айл өрх, 1439 аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж ажиллах юм. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулбал айл өрх 1200, аж ахуйн нэгж 110-аар нэмэгджээ. Халаалтын улирал эхлэхтэй зэрэгцэн өнгөрсөн есдүгээр сарын 14-нөөс энэ сарын 15-ныг хүртэл нэг инженер техникийн алба, нэг засварчин гэсэн төлөвлөгөө гарган халаалт жигдрүүлэлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэснээр халаалтын дуудлагыг 2021 оны мөн үетэй харьцуулахад 65.9 хувиар буурсан үр дүн гарсан байна.
Мөн аймгийн Засаг даргын шуурхай үүрэг даалгаврын дагуу Баян-Өндөр сумын 18 сургууль, 29 цэцэрлэгийн халаалтын системд үзлэг шалгалт хийж, заавар зөвлөгөөг өгч ажилласан гэх мэдээллийг тус байгууллагын захирал Д.Бүүвэйбаатар өглөө. Үзлэг шалгалтаар халаалтын системд засвар хийх нэн шаардлагатай 5 дугаар сургууль, 16 дугаар цэцэрлэг, 20 дугаар сургуулийн халаалтын системийг аймгийн болзошгүй аваарын зардлаар хийлгэхээр шийдвэрлүүлж, Дэгдээхэй, Бялзуухай, 8 дугаар цэцэрлэгийн дотор халаалтын системийг нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК хийж гүйцэтгэжээ.
Халаалтын улирал эхэлснээс хойш 16 аваар осол гарчээ. Тухайлбал, Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 6 дугаар байрны оруулга шугамд цооролт үүсч, насжилтын хугацаа дууссан 50 метр 5 хос шугамыг энэ сарын 6-ны өдөр шуурхай засварлаж ажилласан байна.
Мөн
- Есдүгээр сарын 23-ны өдөр Говил Дэнжийн 12 дугаар байрны гадна шугам,
- Аравдугаар сарын 4-нд Говил 100 айлын 48 б тоотын шугам цоорсон,
- Есдүгээр сарын 27-ны өдөр Говил баг Илгээлт хэсэгт шугам цоорсон,
- Аравдугаар сарын 12-ны өдөр Говил баг сүүний үйлдвэрийн орчимд шугам цоорсон гэмтлийг тус тус засварласан.
Шинээр Бүрэнбүст баг 5-р хороолол 5-7а байрыг өөрийн хөрөнгөөр 5-н хос шугам татаж УДДТ ус дулаан дамжуулах төв/ 5-2-оос тэжээгддэг болгов. Уг ажлыг хийснээр хоёр УДДТ-ийг нэгтгэж нэг болгон насоны дуу чимээг арилгаж, цахилгааны зардлыг хэмнэжээ. Ирэх сарын 1-ны өдрөөс өмнө Төгөл гарден орон сууцны доор байрлах бойлерийг буулгаж УДДТ-4-15-ээс холбохоор материал хангамжийн бэлтгэл ажлыг хангажээ.
Халаалт сайжруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил:
- 11-Б хэсэг шинэ УДДТ ажиллаж эхэлсэн.
- Говил баг 100 айл УДДТ-15-д халаалтын 22квт-ийн насос суурилуулсан. Энэ ажлыг хийснээр эцсийн хэрэглэгч хүртэл халаалтын системийн сүлжээний усны эргэлт сайжирч төгсгөлийн хэрэглэгчдийн халаалт сайжирсан
- Хүрэнбулаг баг УДДТ-4-14 нэмэлт ялтсан бойлер суурилуулсан,
- Говил баг Хонхор УДДТ-д нэмэлт ялтсан бойлер угсарч халаалтыг тус тус сайжруулсан гэж мэдээлэв.
Ач холбогдол:
- 11-р хороолол А,Б,Г хэсгийн халаалтын асуудал шийдэгдсэн.
- УДДТ-4-14-ийн ачаалал багасч тус хэсгийн айл өрхүүдийн халаалт сайжирсан
- УДДТ 4-11-ийн ачаалал багасч 11-р хорооллын Г хэсэгт шинээр амины орон сууц барих айл өрхүүдэд техникийн нөхцөл олгох боломж бүрдсэн.
- 11-Б хэсэгт шинээр амины орон сууц барих айл өрхүүдэд техникийн нөхцөл олгох боломж бүрдсэн байна.