УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр НТВ телевизэд ярилцлага өгөх үеэрээ өөрийгөө хаацайлсан мэдэгдэл хийсэн нь олон нийтийг бухимдуулж байна. Түүний хувьд гэр бүлийн асуудал, дуулианд холбогдсоноос гадна нүүрсний хулгайн хэрэгт ашиг сонирхол нэгтэй буюу хамаарал бүхий этгээд нь уул уурхайн салбарт холбоотой учир хардлагад өртөж буй.
Гэвч УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Би төрөөс хулгай хийгээгүй гэдгээ баттай хэлнэ” хэмээн тайлбар өгөв. Энэ нь түүний хуулийн хариуцлага яригдаж буй асуудалдаа өгсөн тайлбар байлаа. Өөрөөр хэлбэл, нүүрсээр ашиг сонирхлоо зангидсан гишүүд хариуцлага хүлээх үү гэх хардлагад тэр өөрийн хариултаа өгсөн юм.
Хоёрдугаарт, Ч.Ундрам гишүүн гэр бүлийн асуудалдаа буюу ёс зүйн асуудал хөндөгдөж буй асуудалдаа тайлбар өгөх учиртай байлаа. Гэвч тэрбээр өөрийгөө эрс өмөөрч, ард түмнийг загнав. Тэрбээр “Би төрийн ордонд архи дарс уугаад хүний аминд хүрчихээ юу. Би чөлөөт цагаараа, гэртээ нөхөртэйгээ ярьсан асуудлыг яагаад дэвэргээд яриад байгаа юм бэ? Нүүрсний хулгайгаа ярь л даа” хэмээсэн нь хариуцлага үүрсэн УИХ-ын гишүүнээс гарамгүй үг байлаа.
Ч.Ундрам гэдэг хүн ард түмний итгэл, дэмжлэгийг авч УИХ-д сонгогдсон. Тиймээс ч иргэн Ч.Ундрам байхаа больсон гэсэн үг. Тэр бол хууль тогтоогч Ч.Ундрам. Тиймээс парламентын гишүүний ёс зүйн кодыг баримталж, үүргээ ухамсарлах учиртай. Бүхэл бүтэн тусгаар улсын хуулийг тогтоодог хүн алхаа гишгээ бүрээ цэгнэх учиртай. Зүй ёсоор бол Ч.Ундрам гишүүн “Миний гэр бүлийн асуудлыг хуулийн байгууллага шийдэхээр ажиллаж байгаа. Ийм асуудалд нэр холбогдсондоо уучлал хүсье” гэх учиртай байлаа. Гадны улс төрчид дуулиан шуугианд холбогдохдоо ийм л тайлбар хэлж, сонгогчдооосоо уучлал гуйдаг. Энэ нь тухайн улстөрчийн зөв бурууг дэнсэлж байгаа хэрэг биш. Зүгээр л ёс зүйн хариуцлага хүлээж байгаа нь тэр юм.
Олон нийтэд хардлага байна. Түүнийг хуулийн байгууллага шийднэ. Гишүүний гэр бүлийн маргааныг ч шүүх дэнсэлнэ. Гагцхүү олны анхааралд өртчихөөд ард түмнээ загнах бус, уучлал гуйхад л хангалттай байлаа. Тийм ёс зүйг, ёс суртахууныг эрхэм хууль тогтоогч танаас олон нийт шаардаж байна. Та бол хууль тогтоогч Ч.Ундрам.
Шинэчлэн баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хүргэж байна.