-30 хэмийн хүйтэнд бага насны сурагчид гурван цаг автобус хүлээн бээрч байна.
Өчигдөр 20:30 минутын үед Ажилчдын соёлын ордон буюу 19 дүгээр хорооллын автобусны буудал дээр том цүнх үүрэн бээрч зогссон хоёр хүүхдээс хаа хүрэхийг нь асуухад Нисэхийн нэгдүгээр буудал руу очно гэлээ. Зам дагуу байсан учраас хоёр хүүхдийг машиндаа суулган дөхүүлж өгөхөөр болсон юм.
Сурагчид 75 дугаар сургуулийн долоо болон дөрөвдүгээр ангид сурдаг талаараа хэлж, гурван цаг автобус хүлээн хэцүүдсэн талаараа ярилаа.
Учир нь сургуулийнх нь багш нар ажил хаясны улмаас хичээл нь тарах ёстой цагаасаа хоёр цагийн өмнө тарсан байна. Энэ талаар сурагчид ярихдаа, “Уг нь хичээл цагаасаа өмнө тарсан учраас гэртээ эрт очих нь гэж баярлаж байсан юм. Гэтэл гурван цаг автобус хүлээгээд бас л эрт харьж чадсангүй. Манай дүү түрүүхэн даарснаасаа болж уйлсан. ТҮЦ орж жаахан дуулаацчихаад гарч ирээд зогсож байлаа. ТҮЦ-ийн эгч нар юм авахгүй зогсоод байхаар уурлаад байдаг учраас автобус иртэл зогсож чаддаггүй. Аав ээж маань бид хоёрыг таксидаад хүрээд ир гэж хэлсэн л дээ. Даанч такси зогсохгүй байсан. Уг нь түгжрэл гайгүй үед хоёр цаг л автобус хүлээдэг юм. Өнөөдөр гурван цаг хүлээчихлээ” гэсэн юм.
Тэднээс хичээлдээ өглөө яаж ирдэг, ангид нь хол гэртэй хичнээн хүүхэд байдаг талаар нэмж тодруулахад, “Манай ангийн 12 хүүхдийн гэр хол байдаг. Нэгсурагч бүр Зунжинд байдаг. Тэр хүүхэд хичээлээсээ байнга хоцордог. Нисэхэд харин долоон хүүхэд амьдардаг. Хичээл өдөр ордог болохоор автобус арай дээр байдаг. Манай хичээл өглөө ордог байхад автобус аймар хүйтэн байдаг байсан. Би орой болгон дүүтэйгээ хамт харьдаг юм. Тарчхаад "яаж автобусаа хүлээнэ ээ" гэж бодохоос айдаг болсон. Хамаг байдгаараа дулаалаад л буудал руугаа алхаад ирдэг. Би ч яах вэ дүүгээ даарч байгаа гэж бодохоор хэцүү байдаг” гэж байлаа. /Хүүхдүүд зургаа даруулахаас татгалзав/
Энэ хоёр хүүхэд бол Улаанбаатар хотод амьдарч буй олон мянган сурагчдын жишээ. Олон мянган хүүхдүүд сурахын төлөө өвлийн хүйтэн жавартай тэмцэж, автобусандаа багтах гэж томчуудтай уралдан зүтгэж буй.
Улаанбаатар хотын одоогийн нөхцөл байдалд 1400 гаруй автобус шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн салбарт 970 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа. Үүнээс 532 автобусны ашиглалтын хугацаа дууссан учир 400 гаруйг нэмж авах шаардлагатай юм.
2024 он хүртэл 1400 автобустай болох, тойрох шинэчлэлт, худалдан авалт хийх үүрэг даалгавар Засгийн газраас нийслэлийн удирдлагуудад өгсөн. Энэ онд 600 гаруй автобусны парк шинэчлэлт хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар хоёр давхар 10, 65 улаан автобус орж ирсэн, үйлчилгээнд явж байна. Арваннэгдүгээр сард дахин 200 гаруй автобус орж ирнэ гэж Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар есөн сард хэлж байсан.
Түүнээс арваннэгдүгээр сард оруулахаар төлөвлөж байсан 200 автобус хэзээ орж ирэх тухай дахин тодруулахад, “Хил, гаалийн асуудлаас шалтгаалан энэ сард орж ирж амжхааргүй болсон. Он дуусахаас өмнө арванхоёрдугаар сарын сүүлээр 200 гаруй автобус оруулж ирэхээр ажиллаж байна гэж ажил хариуцсан хүмүүс тайлбарласан” гэв.