Францын Гренобль хотод болсон олон улсын циркчдийн наадамд Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын циркчид оролцон, “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ. Дөрвөн өдөр үргэлжилсэн тус тэмцээнд 15 орны 60 гаруй уран бүтээлчид оролцсон юм.
Өнөө жил 20 жилийн ойгоо тэмдэглэж буй “Гринобль-2022” тэмцээнд циркийн олон улсын наадмаас алт, мөнгөн цом хүртсэн, дэлхийн шилдэг циркчидийг урилгаар оролцуулдгаараа онцлог. Энэ удаагийн наадамд Вьетнам улсын сул утсан дээрх тэнцвэртэй үзүүлбэр түрүүлж, хүрэл цомыг Укрианы агаарын гимнастикчид хүртлээ.
“Есөн өрлөг” хамтлаг 2012 онд тус тэмцээнд түрүүлж, алтан цом хүртэж байсан. Ийнхүү 10 жилийн дараа дахин оролцож, хоёр дахь цомоо авлаа. Ингэснээр тус хамтлагийнхан 2010 оноос олон улсын циркийн наадмаас 13 дахь цомоо өргөлөө.
“Есөн өрлөг” бүтээлд 13 дугаар зууны үеийн Монголын байлдан дагуулал, Чингис хааны Есөн Өрлөг баатрын, баатарлаг дүрийг циркийн урлаг, Ардын бүжиг, үндэсний дуу хөгжим, хувцас загварыг хослуулж эх түүхээ сурталчлахыг продюсер Б.Золбаяр, уран бүтээл хариуцсан багш Б.Золбаясгалан нар зорьжээ.
Тус үзүүлбэр нь Европын үзэгчдийн анхаарлыг маш их татаж, цирк судлаач үзэгч олноос өндөр үнэлгээ авсан байна.
“Есөн өрлөг” бүтээл дээр Ерөнхий продюсер Б.Золбаяр, бүжиг дэглээч, МУГЖ А.Батхүү, хөгжмийн зохиолч, “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат, Хувцас дизайнер З.Амаржаргал, Менежер Veneta Stefanova, Ц.Солонго, Уран бүтээл хариуцсан багшаар Б.Золбаясгалан нар хамтран ажилласан байна.