Иргэд Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө жагслаа. Энэ удаагийн жагсаалд оюутан, залуус түлхүү оролцон, төр засагт үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж буйгаараа онцлог байв. Энэ үеэр ХААИС-ийн нэгэн оюутнаас байр суурийг нь сонирхлоо.
-Өнөөдрийн жагсаалд оролцохдоо төр засагт юу хэлэхийг, юуг л өөрчлөөд, засаад өгөөсэй хүсэж байна вэ?
-Би ангийнхныхаа хамт өглөөнөөс хойш жагсаж, дуу хоолойгоо хүргэж байна. Залуус юу хүсэж байна вэ гэвэл, төр засагт хариуцлага тооцмоор байна, нүүрсний хулгайтай тэмцмээр байна. 2012 оноос өмнө төрсөн хүүхдүүдийн 1072 хувьцаа хаана байна вэ. Бидний хөрөнгөнөөс аваад идчихсэн. Хүн өөрийнх нь хөрөнгөнөөс авчихаар ямар байдаг билээ. Тийм учраас хариуцлага тооцуулахын тулд ирсэн.
-Зарим хүн Засгийн газар огцрохыг, УИХ тарахыг шаардаж байна. Та үүнийг дэмжиж байгаа юу?
-Дэмжихгүй байна. Миний, залуусын зорилго ийм биш. УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулахын тулд энд ирээгүй. Гэтэл зарим хүн “УИХ-ыг огцруулах гэж байна. Чи муу бацаан юу мэддэг юм бэ. Явж хичээлээ хий” гэж намайг түлхсэн.
Залуус бид энд жагсаж, өөрсдийнхөө, баялгийнхаа төлөө нэгдэж ирээд байгаа юм. Хэсэг бүлэг хүмүүс ингэж орж ирээд бидний үзэл бодлыг няцаана гэж байхгүй. Угаасаа автахгүй.
-Өнөөгийн нийгэм, төр засаг залуучуудаа хэр сайн сонсож байна вэ?
-Сонсохгүй байгаа учраас бид өнөөдөр энд ирээд жагсаж байна. Маш энгийн хэлбэрээр биднийг ойлгодог, үзэл бодлыг маань дэмждэг байсан бол бид жагсахгүй байсан.
-Өмнө нь “Ажлаа хий” жагсаал болсон. Ер нь өмнөх жагсаалын үр дүн гарсан уу?
-Ямар ч үр дүн гараагүй. Хэрэггүй, үр ашиггүй зүйлд төсвөө баталдаг, ард түмний төлөө биш шйидвэрүүд гаргасаар байна. Тийм учраас дараа, дараагийн жагсаал бий болсоор байна. Гэтэл жагсаалд оролцож буй залуусын чин хүсэл эрмэлзлийг няцааж, улс төрийн янз бүрийн эрх ашиг, лоббитойгоо холбож, хамааруулах гэж оролдож буйд харамсдаг. Тэгж залуусын үзэл бодлыг унтраах хэрэггүй байгаа юм.
Бид өөрсдийнхөө төлөө, сайхан нийгмийн төлөө, үр хүүхдийнхээ төлөө, ирээдүйд амьдрах амьдралынхаа төлөө ажилламаар байна. Их сургуулиа төгсөөд баялгаа бүтээмээр байна. Эх орондоо сайхан амьдармаар байна. Тэгэх боломж алга. Тийм учраас их сургууль төгсөж буй ихэнх оюутнууд гадаад руу явж, сайхан амьдрахын хүсэж байна. Би гадаад руу явахгүй, эх орондоо л сайхан амьдармаар байгаа учраас жагсаалд ирээд, хоолойгоо сөөтөл орилж байна.
-Эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй гэлээ. Юуг өөрчилж, ямар боломж бүрдүүлж өгвөл эх орондоо бүр сайхан амьдрах итгэл төрөх вэ?
-Би ХААИС-д зоо инженер технологийн мэргэжлээр сурдаг. Манай улсын хамгийн чухал зүйл бол мал аж ахуй. Гэтэл монголчууд бид мал аж ахуйгаасаа гарч буй түүхий эдийг дэлхийд нийлүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмдэггүй. Маш бага хувийг эзэлдэг. Ийм учраас мал, махаа системчилж, махаа олон улсад гаргах хэрэгтэй. Монголын мах зөвхөн нийтийн хоолны зэх зээлд л гардаг. Эдийн засгаа өсгөх, сайн сайхан болгох өчнөөн олон боломж бидэнд байна. Тиймээс Монгол Улс эхлээд мал аж ахуй, боловсролын салбартаа түлхүү анхаарах хэрэгтэй гэж боддог.