Өчигдөр Төв номын сангийн урд уран бүтээлч залуус нэгдэн Үзэл бодлоо худалдахад цэг тавья, үг дуугүй хүлцэхэд цэг тавья, хамтач бус хандлагад цэг тавья гэсэн уриалгыг хэлж хоёр цаг чимээгүй жагссан юм.
Уран бүтээлч залуусын тэмдэглэснээр, "Хүмүүс өөр өөрсдийхөөрөө, янз бүрээр л жагсаалыг хүлээн авлаа. Зарим нь "хэтэрхий цөөхүүлээ байна, ийм цуглаан гэж юу байхав" гэж байсан. Олныг хамарсан цуглаан зохион байгуулах гэж анхнаасаа бид төлөвлөөгүй. Тэгэх шаардлага ч бид нарт байсангүй. Харин зарим нэг нь "жинхэнэ жагсаалын хүчийг сулруулах гэсэн оролдлого байна" хэмээн хардав. Бидний өмнөөс хэн нэгэн хүн тэмцэж, бидний өмнөөс тэр ярьж, бидний өмнөөс тэд хашгичиж, биднийг төлөөлөн тэгтэл цамнахыг хэдий болтол харж суух вэ? Тиймээс бурууг өөрсдөөсөө хайж энгийн, тодорхой гурван зарчмыг уриалсан юм.
Бас "хэн нэгний гар хөл болоод ингэсгээд алга болцгооно доо" гэх улс ч таарав. Бид ямар ч санхүүжилт, хамтран ажиллах санал хүлээн авахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Бид зүгээр л цайны цагаараа дээрх гурван зарчмыг ард олонд уриалах болно. Та ч бас уриалж болно. Ямар ч гишүүнчлэл энд хэрэггүй. Бидний гол дүрэм чимээгүй, тайван замаар эсэргүүцлээ илэрхийлнэ. Бид хэн нэг албан тушаалтан, эрх мэдэлтэн, улс төрийн нам эвслийг эсэргүүцэж байгаа юм биш. Бид өөрсдийн хариуцлагагүй, арчаагүй, идэвхгүй, зориггүй, аминч хандлагаа эсэргүүцэж, түүнтэйгээ тэмцэж байгаа юм.
Өнөөдөр бид юу ч болж байсан үг дуугүй, хүлцэнгүй байсаар байгаа олон хүнийг үйлдлээрээ харуулсан л төдий. Гурав дөрвөн хүн, цөөн хэдхэн хүн хоёр цаг чимээгүй зогсох ямар анзаарагдамгүй, яасан хүчгүй байдгийг та өнөөдөр харсан байх. Маргааш ч бас хараарай. Бидний цаана яг ийм 200 хүн, хоёр сая ийм хүн байгаа гээд бодоод үзээрэй. Энэ бидний та бүхэнд үзүүлэх гэсэн Үйлдэл, Перформанс юм.
Бид хэзээ нэг зүйлийн төлөө нэгдэж сурах вэ? Нийтлэг нэг эрх ашиг, нэг зорилго, нэг итгэл үнэмшилтэй болох цаг маань хэзээ вэ? Тэмцэгч нэр зүүсэн хүмүүсийн ард ажиглагчийн дүрээр суусаар байх нь зөв зүйл мөн үү? Тэгээд Афины ардчиллын эцэг Солоны "Чимээгүй суух нь хүчийг нэмнэ. Цагаа олж дуугарах нь чимээгүй суухын хүчийг нэмнэ" гэсэн үгийг санагалзсан хэрэг.
Бидний санаа ердөө л үзэл бодлоо, ирээдүйн өмнө хийх сонголтоо битгий худалдаач; энэ нийгмийг бүрдүүлж буй эс ширхэг нь мөн л юм бол үг хэлэх эрхээ бусдад битгий тохооч; хувиа борлуулж, довоо шарлуулж суухаа болиод буруу хандлагадаа цэг тавьцгаая хэмээн уриалсан үйлдэл болой” гэсэн юм.