Иранд шашны хатуу дэглэмийг эсэргүүцсэн жагсаал үргэлжлээд гурван сар болж байна. Тодруулбал, энэ оны есдүгээр сард Махса Амини гэх бүсгүйг “хижаб” буюу гивлүүрээ буруу зүүсэн гэх шалтгаанаар ёс суртахууны цагдаа нар баривчилсан. Улмаар саатуулагдаж байх хугацаандаа бүсгүй амиа алдсан юм. Энэ хэрэг орон даяар эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр байна. Тэгвэл улс орныг бүхэлд нь хамарсан тэмцэл үр дүнд хүрч эхэлж байгаа талаар хэвлэлүүд онцолж эхэллээ. Тус улсын Ерөнхий прокурор Мохаммад Жафар Монтазери ёс суртахууны цагдаа нарыг татан буулгах тухай мэдэгдээд байна. Ираны ёс суртахууны цагдаа нарын ажлын үүрэг нь тус улсад шашны дэглэмийн дагуу зөв хувцаслах журмыг олон нийтэд сахиулах юм.
Түүнчлэн М.Ж.Монтазери бямба гарагт Ираны парламентад хандан эмэгтэйчүүдийг заавал “хижаб өмсөхийг шаардсан хуулийг “эргэж нэг харах” талаар хэлжээ. Учир нь ёс суртахууны цагдаа нарыг ажлыг зогсоолоо ч олон арван жил мөрдөгдсөн хуулийг өөрчлөхөөс нааш юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг жагсагчид илэрхийлж байна.
Эх сурвалж: BBC