Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны 11 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны хоёрдугаар цуврааны бие бүрэлдэхүүн өчигдөр орой /2022.12.01/ эх орондоо ирлээ.
Даян дэлхийн энх амгалан тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулж 12 сарын хугацаатайгаар энхийн үйлсэд үүрэг гүйцэтгээд ирж буй цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдаа ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга хурандаа Т.Мөнхбаяр, ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нар угтав.
Дээрх ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны эхний ээлжийн бүрэлдэхүүн 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд эх орондоо ирсэн байна.
ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататгаж, энхийг сахиулах ариун үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн Та бүхэнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага Та бүхэнтэй байнгын холбоотой байж, албан үүргээ амжилттай гүйцэтгэх бүхий л боломж, нөхцөлийг тань бүрдүүлж ажилласан. Та бүхэн цаг агаарын болон цагийн байдлын хүнд нөхцөлд энхийг сахиулах ариун үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсний зэрэгцээ өөрийн эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг улам өндөрт өргөж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх бахархалт алдрыг дуурьсгаж чадсанд талархал илэрхийлье. Цаашид өөрсдийн мэдлэг, дадлага, туршлага, ур чадвараа улам бүр хөгжүүлж, нэгтгэл, анги, салбарынхаа хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна" гэж онцлон хэллээ хэмээн ЗХЖШ-аас мэдээллээ.