Өнөө жилийн хөлбөмбөгийн ДАШТ-д аваргын төлөө л өрсөлдөх болов уу гэж сая, сая фанат дэмжин, дээлийнх нь захыг мушгиж суусан Герман, Бельгийн шигшээ эхний шатыг ч гэтэлж чадсангүй. Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ 2018 оны ДАШТ-ий эхний шатнаас хасагдсан. Энэ удаа дээрх бараан амжилтаа цайруулж, хэсгээсээ гарч чадалгүй эх орон руугаа эрт буцахаар боллоо.
Е хэсэгт өрсөлдсөн тэд хэсгийн сүүлчийн тоглолтоо Коста Рикагийн эсрэг хийлээ. Заавал хожих даалгавартай гарсан тоглолтод германчууд өрсөлдөгчөө 4:2-оор хожиж, санасандаа хүрсэн. Гэвч бүх зүйл тэдний хүслээр болсонгүй. Нөгөө талд Япон Испаныг 2:1-ээр хожсоноор Германы шигшээ хэсгээсээ гарах боломж замхарлаа. Улмаар энэ хэсгээс Япон нэгээр, Испани хоёроор гарч, Герман, Коста Рикагийн хөлбөмбөгчид мултарлаа.
F хэсгийн сүүлийн тоглолтод Морокко Канадыг хожиж, Хорват Бельгитэй тэнцлээ. Ингэснээр энэ жилийн ДАШТ-д аваргын цомын төлөө л зорьж ирсэн бельгичүүд ДАШТ-ээс хасагдсан нь яах аргагүй бас нэгэн дуулиан байлаа.
ДАШТ-ий шөвгийн 16-д Япон Хорваттай, Морокко Испанитай учраа таарлаа.