“Өрөг хэлэлцүүлэг” нэвтрүүлэг “Экспортын боломжийг ашиглаж эдийн засгаа сэргээе” сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг бэлтгэн, та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээ “Экспортын санхүүжилт ба олон улсын төсөл хөтөлбөрүүд сэдвээр бэлтгэлээ.
Тус хэлэлцүүлэгт оролцсон Экспорт олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэгийн ярилцлагыг тоймлон хүргэе.
-Монголд нэг хэвшмэл хандлага бий. Уул уурхайн бус экспорт гэхээр “Бид тийм их хэмжээгээр гаргаж чадахгүй. Үйлдвэрийн хүчин чадал хүрэхгүй. Олон улсын стандартад нийцэж чадахгүй” гэсэн хэвшмэл хандлага одоо хүртэл байх шиг санагддаг. Танай байгууллага боломж байгааг харуулаад байна. Уул уурхайн бус экспортын өсөлт бага байгаа шалтгааныг эрэмбэлээд хэлээч гэвэл ямар шалтгаануудыг хэлэх вэ?
-Монгол Улсын хувьд уул уурхайн бус экспорт гэхээр илүү нэмүү өртөг шингээгээд жижиг дунд үйлдвэрүүд маань хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээрээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах зайлшгүй хэрэгтэй. Төр засаг, олон улсын байгууллага, зээлийн санхүүжилт гээд олон зүйлээс дэд бүтэц, суурь тодорхой түвшинд бий болсон.
Ноос, ноолууран бүтээгдэхүүний 600 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Арьс, ширэн бүтээгдэхүүний 200 гаруй үйлдвэр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Гэтэл хэвшмэл ойлголттой, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чадахгүй, уул уурхайн бус бүтээгдэхүүний хувьд боломж байхгүй гээд байна. Гэтэл харин ч эсрэгээрээ уул уурхайгаас илүү боломжтой.
Олон улсад нэмүү өртөг шингээгээд гаргана гэдэг нь өөрөө маш олон жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчид, мал аж ахуй эрхэлж буй бизнесээ дэмжинэ.
Хөгжүүлээд хийж чадах юм бол ложистик тээврийн асуудлаас тийм хэцүү, хол биш. Бидний хувьд зорилтот зах зээлд хамгийн гол нь нэмүү өртөг шингээгээд, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдээ олон улсын чанар, стандартад нийлүүлээд, худалдааг нь дэмжсэн ажлуудыг хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэгэх юм бол уул уурхайн бус салбарын экспорт тийм хол биш, ойрхон.
Манай үйлдвэрүүд “Самурай”, “Чингис” зэрэг олон бонд, Хөгжлийн банкны зээлээр тоног төхөөрөмжөө харьцангуй сайжруулсан. Яг экспортод зориод үйл ажиллагаа, хөгжүүлэлтээ хийгээд явж буй маш олон үйлдвэр байдаг. Тэдгээрийн маань бүтээгдэхүүнүүд харьцангуй чанар, стандарт нь нийцээд явж байна. Дээр нь тодорхой стандартуудыг хангахад бидэнд илүү ойрхон байна.
Төсөл хөтөлбөрүүдийн хувьд, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк чадавхжуулах хөтөлбөрүүдийг маш их хийж байна. Үүний үр дүн байгаа. Гол нь бодлого, санхүүгийн хувьд дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Одоо ерөөсөө олон улсад хэрхэн худалдах нь үлдчихээд байна. Худалдааг дэмжсэн, худалдааг хөнгөвчлөх, гадаад зах зээлийг зорьсон маркетингийн ажлууд дээр л одоо хоцроод, орхигдоод байна гэж харж байна.
-Таны хэлж буйгаар, үйлдвэрийн стандарт харьцангуй сайжирчихсан, түүхий эд нь байна. Гол нь худалдааг дэмжсэн бодлого хэрэгтэй. Санхүүжилт томоохон асуудал болж байна гэж ойлгож байна уу?
-Тийм ээ. Ер нь гадна, дотнын зөвлөхүүд Монголд ирээд, үйлдвэрлэгчидтэй уулзаад үнэхээр гайхдаг. Японы зөвлөхүүд Монголын арьс, ширний үйлдвэрүүдийг хараад гайхах жишээтэй. “Японд байхгүй тоног, төхөөрөмжүүд танай үйлдвэрүүдэд маш ихээр байна. Энд ажиллаж буй хүний нөөцийг хөгжүүлэх, боловсруулах, худалдааг нь дэмжих, худалдааны төвүүдийг олон улсад байгуулах, тэр эргэлтийн хөрөнгийг, түүхий эдээ бэлтгэх, санхүүгийн дэмжлэг дутмаг байна” гэдэг. Би ч мөн тэгж хэлэх гээд байна.
Жишээ нь, “Хос аз” гэдэг брэнд бий. Тус брэнд маш том үйлдвэрийг сая ашиглалтад оруулсан. Гутал нь хаана ч гологдохгүй. Японы зөвлөхүүд ирээд захиалгаар гутлаа үйлдвэрлүүлдэг. Япондоо бол хоёр сар хүлээгдэж байгаад 1500-гаар авдаг хэмжээний гутлыг үйлдвэрлэж чадаж байна. Гэтэл тэрийг зарах зах зээл байхгүй. Уг нь, үйлдвэр нь үйлдвэрлэж чадаж байна. Зарах зах зээл дээр нь суваг алга. Маркетинг хийдэг газар алга байна. Дээр нь түүхий эд, арьсаа бэлтгэж авах, бэлтгэсэн арьсыг нь худалдаж авах зэрэг эргэлтийн хөрөнгө алга.
Гаднын ченжүүд Монголын малын арьсыг хагас боловсруулсан байдлаар, дөнгөж нэг угаагаад аваад гарчихаж байна. Дотоодын үйлдвэрүүдэд түүхий эд үлдэхгүй байна. Жилд Монголд 14 сая шахам малын арьс бэлтгэдэг гэж байгаа боловч үүнээс дотоодын үйлдвэрүүдэд хэр чанартай, сайн нь үлдэж байна вэ. Энэ бол асуудал. Энэ жил Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” гээд хөтөлбөрөө баталсан. Энд батласан зүйлүүдээ хэрэгжүүлээсэй, тийм ээ.
Монголд гоё, гоё хөтөлбөрүүд гардаг. Гол нь бодлогын залгамж чанар үргэлжлэх зайлшгүй шаардлага байна.
-Та бүхэн 10 гаруй брэндтэй хамтран, АНУ-ын Нью-Йорк хотын Худалдааны төвд “Mongolian gallery” гээд монгол брэндүүдийг нэгтгэсэн дэлгүүр нээн, ажиллуулж байгаа. Сүүлийн хоёр жил ажиллахад тэндээс ямар боломж цаашид өсөж, хөгжин, гарч ирэхээр байна вэ?
-Бид гадаад зах зээлийг туршиж үзэж байна. Тэр дундаа АНУ-ыг сонгоод, ажиллаж байна. Яагаад АНУ вэ гэвэл, илүү хэрэглээний зах зээл. Тэгэхээр энэ зах зээлд бид амжилттай нэвтэрч чадах боломж байна гэж үзээд, 2020 онд “Mongolian gallery” буюу Монголын жижиг, дунд бизнесүүдийн худалдааг дэмжих төвийг тэнд нээсэн. Одоогоор 10 гаруй аж, ахуй нэгж гурван жилийн хугацаанд туршилтаа хийгээд, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэн, хэрэглэгчээ судлаад явж байна. Эхний жил коронавирусийн улмаас бид дөрвөн сар л ажилласан. Тухайн үед 30-аад мянган ам.долларын борлуулалт бодитоор хийж чадсан. 2021 онд найман аж ахуй нэгж 100 гаруй мянган ам.долларын борлуулалт хийсэн.
-Огцом өссөн байна, тийм ээ?
-Тэгсэн. Тогтмол өсөж байна. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 12 брэнд 128 мянган ам.долларын борлуулалт хийгээд байна. Ямар, ямар бүтээгдэхүүн худалдаалж байна вэ гэвэл, ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн болон гар урлалын бүтээгдэхүүнүүд. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн улирлын чанартай бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэж байна. Жишээлбэл, “Баба” брэнд хоёр удаагийн туршилтаар шоп ажиллуулаад 20 гаруй мянган ам.долларын борлуулалт хийсэн байх жишээтэй.
Үүний хажуугаар бид өөрсдийгөө сурталчлах, таниулах, гадаад зах зээлд нэгдэж, нийлж гарах зорилгоор “Экспорт Монгол”, “Монголд үйлдвэрлэв” зэрэг жижиг арга хэмжээнүүдийг хийдэг. Өнөөдөр гэхэд бэлэн бүтээгдэхүүнээс гадна соёлын бүтээлч үйлдвэрлэлийн борлуулалтын боломж байна гэж хараад, тэнд уран зураачдын бүтээлийн үзэсгэлэн, худалдааг явуулж байгаа.
Өнгөрсөн жил эмэгтэй уран бүтээлчид маань хоёр өдрийн дотор дөрөв гаруй мянган ам.долларын борлуулалт хийсэн. Ер нь туршиж үзэх, хийх, үүнийгээ цааш нь дэмжих чухал.
Одоо аж ахуйн нэгжүүд ямар нэгэн нэмэлт дэмжлэггүйгээр явж байна. Энэ маань тодорхой амжилттай байгаа, цаашид маркетингаа зөв хийгээд явбал бүр ч илүү боломж байна. Манай худалдааны төв X, XI, XII сард 300-400 мянган ам.долларын борлуулалт хийнэ гэж төлөвлөсөн, аж ахуйн нэгжүүд маань бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Цахимаар зэрэг худалдах гэх мэт хөгжүүлэлтийн ажлуудаа хийн, зарим төсөл, хөтөлбөртэй хамтарч ажиллаж байна. “Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих” төслийн хүрээнд цахимжих тал дээр биднийг олон талаар дэмжиж байгаа.
-АНУ-ын зах зээл гэхээр хол юм шиг санагддаг. Та бүхэн яагаад АНУ-ыг сонгож, энэ олон брэндийг гаргаж эхэлсэн бэ. Тэнд ямар боломж, давуу талууд байна вэ?
-Америк өөрөө дэлхийн хэрэглээний хамгийн том зах зээл. Дэлхийн бүхий л үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ тийшээ нийлүүлж байна. Бидэнд хол юм шиг хэрнээ ойрхон зах зээл. Нэгдүгээрт, гуравдугч хөршийн хамтын ажиллагаатай. Үүнийг манай төр, засгийнхан хийгээд өгчихсөн байна.
Дээр нь, бид 3700 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн дээр татвар, тарифын хөнгөлөлт эдэлдэг. Энэ цаашид нэр төрлөөрөө задраад, аяга байлаа гэхэд бэлэг дурсгалын болоод ирэхээрээ татваргүй болдог ч юм уу. Гэх жишээтэй задрахаараа бараг 10 гаруй мянган нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт байна.
Хоёрдугаарт, Америк өөрөө жижиг дунд үйлдвэрийг маш сайн дэмждэг зах зээлтэй. Манай гол нэмүү өртөг шингээсэн, экспортын бүтээгдэхүүнүүд болох оёмол, арьс ширэн, гоо сайхны, соёлын бүтээгдэхүүнүүд бүгд АНУ-д татвар, тарифын хөнгөлөлттэй байдаг. Тэгэхээр бид АНУ-ын зах зээлд амжилттай нэвтэрч чадах юм бол тэр хэрээр бусад зах заал илүү ойртоно. Америкт гарчихсан бүтээгдэхүүн Японд юм уу өөр оронд хамаагүй нэр хүндтэй, хэрэглэгчээ татах нэр хүндийн баталгаа болдог.
“Экспорт Монгол -2022” олон улсын форум, үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй цуврал хэлэлцүүлгийн дараагийн дугаар “…..” сэдэвтэйгээр та бүхэнд хүрэх болно.
Та ч бас хэлэлцүүлэгт саналаа ирүүлэх боломжтой. Доорх холбоосоор орж саналаа илгээнэ үү?
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfxDuHAgyEy897jFbX0wqH4ybD5DwZ1uCR4d1Fv3UGFhHaPrw/viewform?usp=sf_link
Хэлэлцүүлгийн үр дүнд нийт оролцогчдын саналыг нэгтгэж шийдвэр гаргагчдад хүргэнэ. Үндсэн форум 2022.12.6-ны мягмар гарагт 10:00-17:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо болон Сүлд танхимд зохион байгуулагдана.
www.exportmongolia.org цахим талбараар олон улсад шууд дамжуулна.
Бүртгүүлэх:https://www.exportmongolia.org/2022/register
Нэмүү өртөг шингэсэн экспортоор эдийн засгаа сэргээе.
Холбоо барих:9406-5929, 9696-8778
Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг дээрх линкээр орж үзнэ үү.