ЭТТ ХК-д нүүрс тээврийн С зөвшөөрлийг олгох эрхийг шилжүүлснээр үндэсний эрх ашигт хохиролтой нугалаа, завхралууд гарах шинж тэмдэг илт ажиглагдаж байна гэж Монгол тээвэрчид үзэж байгаа.
Монгол тээвэрчдийн ярьж буйгаар, Өнөөдрийн байдлаар 454 гаруй нүүрс тээвэрлэгч байгаагаас 110 нь Хятадын хөрөнгө оруулалттай. Тэд 11 мянга гаруй задгай тэвш, 10 гаруй чингэлэг тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж нийт тээврийн 90 гаруй хувийг хянаж байна. Үндэсний хөрөнгө оруулалттай тээврийн компаниуд тээврийн хэрэгслийн 10 хүрэхгүй хувийг л бүрдүүлдэг. Тийм байхад дахиад үндэсний тээвэрлэгчдийг шахаж гаргах бодлогыг ЭТТ ХК явуулах шинж тэмдэг ажиглагдаж байгаа.
Одоо байгаа тээврийн хэрэгслүүд бүрэн ашиглагдахгүй байхад нэмж 4000 тээврийн хэрэгсэл шинээр улсын хилээр орж ирсэн байна. Тэдний цаана улс төрчид, УИХ-ын гишүүд байдаг гэдэг. Тэд “2024 оны сонгуулийн зардлаа үүгээр босгоно” гэж ил тод ярьдаг талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байна.
Бид үүнтэй холбогдуулан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас нөхцөл байдлын талаар тодруулахад, “Намайг энэ албанд ирэхээс өмнө 200 тээврийн хэрэгсэл нүүрсний тээвэрт явж байсан. Одоо оргил үедээ 1000 гаруй тээврийн хэрэгсэл явж байгаа. Нэмэгдсэн 500-700 тээврийн хэрэгслийг хятад жолооч бариагүй. Дан монгол жолооч нар тээвэрт явж байгаа. Би газар дээр нь өөрөө очиж үзсэн. Монгол тээвэрчид л бүх ажлыг хийнэ. Монгол тээвэрчидтэй уулзахгүй гээд байгаа зүйл байхгүй. Яг одоо уулзаж тэдний санал хүсэлт, шаардлагыг сонсохоор явах гэж байна” гэсэн тайлбар өглөө.
Дэлгэрэнгүйг дээрх видеоноос үзнэ үү