“Бизнес өрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд голлон анхаарч ажилладаг “Эгүүшин” академийн үүсгэн байгуулагч Т.Гаравхүүг урьж ярилцлаа.
Нэвтрүүлгийн зочин хөтлөгч “Garment Dealers” брэндийн үүсгэн байгуулагч Э.Оюу-Эрдэнийн ярилцлагийг хүргэж байна.
ШУТИС-д сурч байгаад, сургуулиа болиод өөрийн бизнесээ эхлүүлж байна. Яагаад сургуулиа болиод бизнес эхлүүлэхээр болсон бэ? Яаж ийгээд дээд сургуулийн дипломтой болох нь чухал гэсэн хандлага байна. Зарим тохиолдолд дипломоор хувь хүнийг үнэлж байна.
Миний түүх их сонирхолтой. Би их сургуульд орохоосоо өмнө ахлах сургуульдаа бас сургуулиасаа гарсан. Гурван жил ахлах сургуульдаа сурахгүй явж байгаад “Би их сургуульд ороод, номыг нь судлаад, усыг нь ууж, ёсыг нь дагаад, сурах хэрэгтэй юм байна” гэж бодож их сургуульд орсон. Гэхдээ яг сургуульд орсон чинь миний хүсэж байгаа мэдээллийг өгч чадахгүй болохоор “Би өөрөө бие даагаад ажиллаад явсан нь надад илүү тохиромжтой юм байна. Сурах бол одоохондоо надад шаардлагатай хэрэгцээ биш байна. Их сургуульд сурах нь миний хүсэж байгаа зүйл биш юм байна” гэж бодоод, сургуулиасаа гараад, бизнесээ эхлүүлээд явж байна.
Одоо хэдэн настай вэ?
Би одоо 19 настай.
ТӨСӨӨЛӨН БОДОХ ЧАДВАРАА АШИГЛАН, КОМИК НОМЫН ЗАГВАРААР АЖИЛЛАДАГ
Өөрийнхөө хүссэн хувцас дизайны бизнесээ эхлүүлээд, жил гаруй хугацаа болж байна. Сургуулиа орхих шийдвэр гаргах хэцүү байх. Маш олон хүн чамайг буруутгана. Тэр олон эрсдэлүүдийг даваад бизнесээ эхлээд явж байхад сэтгэл хангалуун байж чадаж байна уу. Хүссэн шигээ өөрийгөө хөгжүүлж чадаж байна уу. Бизнес нь төлөвлөсний дагуу явж чадаж байна уу?
Сэтгэл хангалуун байхын хувьд мэдээж би яг өөрийнхөө хүссэн зүйлийг хийж байгаа болохоор маш сэтгэл ханамжтай байгаа. Хоёрдугаарт, яг бизнес эхлүүлээд явахад баг бүрдэх гэж маш хэцүү байдаг. Хүүхдүүд маань бүх цагаа зарцуулъя гэхээр цаана нь хичээл, сургууль нь байна. Баг бүрдэх гэж их хэцүү байсан. Бүх саад, бэрхшээлээ давж, туулаад, амжилттай ажиллаж байна.
Урлан нь сардаа тэдэн хувцас гэсэн төлөвлөгөөтэй гардаг уу. Бизнес нь яг яаж ажилладаг вэ?
Бүх зүйл төлөвлөгөөтэй. Сардаа гаргах хувцасны норм байхгүй. Бид өөрсдийнхөө төсөөлөн бодох чадварыг ашиглаад, комик номын загвараар ажилладаг. Бид тус тусдаа зохиолтой. Зохиол дээрх дүр яг ямар хувцас өмссөн байх вэ гэдгээр төсөөлж, бодоод тэр загваруудаа гаргаж, ажилладаг.
МАТЕРИАЛЫН ОЛДОЦ МУУ БАЙГАА НЬ АСУУДАЛ БОЛДОГ
Залуучуудад бизнес эхлэх маш гоё санаа байна. Дагнасан ур чадварууд байна. Түүнийгээ гаргаж чадаж байна. Гэхдээ нөгөө талд ажил, амьдралын тэнцвэрт байдлаа хадгалахад хэрэг болох зөөлөн ур чадварууд маш чухал байдаг. Түүнээс шалтгаалан дампуурч байгаа гарааны бизнесүүд олон байна. Зөөлөн ур чадвар юунд, яаж хэрэг болж байна вэ. Одоо өөрт нь сууж байна уу?
Миний бодлоор зөөлөн ур чадвар маш хэрэгтэй. Учир нь заавал хэлэлцээр хийх, гаднаас хөрөнгө оруулалт байгууллагатайгаа уулзах зэрэгт хэрэгтэйгээс гадна компани дотроо бидэнд маш хэрэгтэй байдаг. Жишээлбэл, багийн нөгөө гишүүнээ ойлгох. Сэтгэл зүй, нөхцөл байдлыг нь ойлгоод, бие биетэйгээ ойр байж, нийлж ажиллах нь маш чухал. Тиймээс зөөлөн ур чадвар маш хэрэгтэй гэж харж байна.
Монголд хувцас загварын бизнес эрхлэх ямар байна вэ?
Гол тулгамддаг асуудал нь материал. Материалын олдоц, таталт маш асуудалтай. Гэхдээ болгоод л явж байна. Мөн чанарын төвшинд өндөр чанартай хийдэг газар ховор. Чанартай материал оруулж ирдэг газар ч ховор. Төрөлжсөн дэлгүүр байхгүй нь жаахан асуудалтай.
Бид маш чөлөөтэй сэтгэдэг учраас бидний зорилтот зах зээлдээ хүрэх нь муу байдаг. Жишээлбэл, 40-өөс дээш насныхан бидний хувцсыг сонирхоход, бид Gen Z үеийнхэндээ зориулж хувцас хийгээд байдаг. Тиймээс хувирах чадвар хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод илүү их ажиллаж байна.
Анх бизнес эхлүүлэхэд хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаж байсан бэ. Юунаас эхэлсэн бэ?
Хөрөнгө оруулалтын хувьд багаараа буюу зургуулаа тал талаасаа босгоод л эхэлсэн. Анх албан ёсоор өөр газраас хөрөнгө оруулалт татаж, хамтарч ажиллаж байгаагүй. Өөрсдийн хүчээр л бизнесээ босгосон.
ЗАГВАРААРАА ДАМЖУУЛЖ, ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ
Хэзээ дахиад сургуульд суръя гэж бодож байна. Бизнесийнх нь зорилго, амбиц нь юу вэ?
Манай багт өөр өөр зорилготой олон залуус байдаг. Миний зорилго бол загвараараа дамжуулан өөрийнхөө дуу хоолойг хүргэх, хүмүүст түгээх. Мөн эко байгальд ээлтэй байх соёлыг монголчууддаа түгээх зорилготой.
Гадаадын алдартай брэндүүдтэй хамтарч, Монгол улсаа дэлхийд таниулах хүсэлтэй.
Сурах талаар гэвэл одоохондоо хэлж мэдэхгүй байна. Хэзээ л бол хэзээ сурах боломж байна. Сүүлийн үед их сургуулийн боловсрол гэхээс илүү чадавхжуулах газрууд их болсон байна. Яг тухайн сонирхсон чиглэлээр нь ур чадвар, мэдлэг суулгана гэдэг газрууд олон болсон байна. Тиймээс их сургуульд сурах эсэхээ арай шийдээгүй байна.
Бүтэн нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.