ОХУ-аас өгч болзошгүй агаарын цохилтоос сэргийлж, Украины эрх баригчид иргэдээ нийслэлээс нүүлгэн шилжүүлж магадгүй байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Румынд болсон НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр “Украин хэзээ нэг өдөр НАТО-гийн гишүүн болно. Гэхдээ бид эхлээд Украинд зэвсэг нийлүүлэх асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэдгийг тодотгожээ. Тэрээр ОХУ өвлийг зэвсэг болгон ашиглаж, Украиныг хөлдөөх тактик хэрэгжүүлж байгааг хэлсэн байна.
НАТО-гийн гадаад хэргийн сайд нар Румыны нийслэл Бухарест хотод хоёр хоног хуралдсан юм. Үүнтэй зэрэгцэн Politico сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба “НАТО-гийн гишүүн орнууд нэн яаралтай байгаа зэвсгийг нийлүүлэх хэрэгтэй” гэдгийг онцолсон байна.