УИХ-аар хэлэлцэн батлагдсан хуулиудыг сурталчлан таниулах зорилгоор мягмар гарагийн 11 цагаас хуулийн мэдээлэл хүргэдэг боллоо.
Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны долоодугаар сарын 5-ны өдөр батлагдсан, 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаарх зохицуулалтын талаар мэдээллээ.
Тэрээр “Монгол улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр төвшинд байгаа улсуудын нэг. Монголд үйлдвэрлэдэг архины нэг хүнд оногдох хэмжээ 2013 онд 3.1 литр байсан бол 2011 онд 15 литрт хүрсэн байна. Одоо 8.2 литр байна. Энэ нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм.
Энэ хууль батлах нэг том шалтгаан бол архидан согтуурах үйлдлээс үүдэлтэй зуурдаар нас баралт дэлхийн төвшнөөс хоёр дахин их байна. Дэлхийд архидан согтууралтаас улбаатай нас баралт 100 мянган хүнд 66.5 байхад, Монгол улсад 123 байна” гэлээ.