“Би сайдын хүү шүү. Надад юу ч үйлчлэхгүй” гэж орилж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж буй нэгэн иргэний бичлэг цахим орчинд цацагдсан. Тухайн иргэн үүнийхээ дараа согтуугаар автомашинаа жолоодоод явж буй нь бичлэгт гардаг. Тэгвэл тухайн иргэн тэгж явахдаа хоёр ч автомашин мөргөжээ.
Энэ хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Өнгөрсөн есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө уг дуудлага ирсэн. Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны зогсоолоос "Mercedes-Benz" маркийн автомашины жолооч, 34 настай Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа “Toyota Рrius-20”, “Lexux 250” маркийн автомашиныг мөргөн, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Тухайн үед бид хотхон дотор чанга орилж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсныг мэдээгүй байсан. Ийм гомдол ирээгүй байсан юм. Бичлэг ил болсноор ийм зөрчил гаргасныг нь мэдлээ. Тиймээс энэ хэрэгт зөрчлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна” гэлээ.