Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суудаг, 16 настай охин Б "Хогоо асгана" гэж гараад сураггүй алга болсон гэх дуудлага энэ сарын 4-нд Цагдаагийн байгууллагад ирсэн. ЦЕГ-аас энэ сарын 18-нд “Охиныг Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсныг тогтоосон. Тиймээс эрэн хайх ажиллагааг зогсоолоо” гэж мэдэгдсэн.
Үүний дараа охины ар гэр SBN телевизэд ярилцлага өгөхдөө “Одоо болтол ямар ч сураг гараагүй байна. Аргаа бараад сууна. ЦЕГ “Охиныг олсон” гэж мэдээлсэн. Гэтэл худлаа болж таарлаа. Цагдаагийн мөрдөгчтэй нь холбоо барих гэхээр утсаа авдаггүй. Баталгаатай олоогүй байж яагаад “Олдсон” гэж мэдээлж, эрэн хайх ажиллагааг зогсоосныг гайхаж байна. Гомдолтой байна” гэсэн.
Энэ асуудлаар ЦЕГ-аас тайлбар өгөхдөө “Алга болсон Б нь 2022 оны арваннэгдүгээр сарын 5-нд Улаанбаатар хотод ирээд 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самранд явсан нөхцөл, байдал тогтоогдсон.
Газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том, том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байдаг, Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газар очиж охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна” гэж байв.
ЦЕГ, ОБЕГ охиныг эсэн мэнд олж, энэ сарын 26-нд ар гэрт нь хүлээлгэн өгчээ.