Үндэсний бөхийн дүрэмд энэ жил өөрчлөлт орж, санаачлагагүй барилдсан бөхийг хасахаар болсон. Өнөө жилийн улсын наадамд цөөнгүй бөх энэ дүрмийн дагуу хасагдсаныг бөхийн хорхойтнууд сайн мэднэ. Наадмын дараа “Би хамаагүй идэвхтэй барилдаж байхад өрсөлдөгч бөхийг давуулчихлаа. Хөлийн цэцүүд үзэмжээр ханддаг энэ дүрмийг болиулах хэрэгтэй” гэх хэл ам нэлээд гарсан.
Хоёр бөх давалцахгүй удлаа гэхэд аль мэх хийхгүй, санаачлага гаргахгүй байгаа бөхөд тодорхой хугацаа өгнө. Тухайн бөх дээрх хугацаанд санаачлага гаргахгүй бол шууд хасан, учраа бөхийг нь давуулж буй.
МҮБХ-ны дүрмийн 4.5-д “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. Таваас дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 110 минут байна.
Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэж заасан байдаг.
Өнөөдөр Улс тунхагласны ойн барилдааны долоогийн даваанд улсын отгон О.Хангайтай барилдсан улсын заан Б.Бат-Өлзийг энэ дүрмийн дагуу санаачлагагүй, идэвхгүй барилдсан гэж хаслаа. "Хэн нь давах бол" гээд Ховдын хоёр хүчтэний барилдааныг шимтэн үзэж суусан бөхийн хорхойтнууд, хасагдсан Б.Бат-Өлзий заан сэтгэл гонсгор үлдлээ.