Бид энэ удаа Making the band шоунаас төрөн гарсан Mixx хамтлагийн гишүүн асан Г.Амаржил буюу Жилатай ярилцлаа. Хурц, тод, этгээд төрхөөрөө олны анхаарлыг татаж байсан тэр хамтлагаасаа гарснаас хойш хувийн бизнесээ эхлүүлсэн байна. Түүнтэй бид залуу, эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамддаг асуудлын талаар болон үүнийг хэрхэн даван туулж буй тухай ярилцсан юм. Мөн тэрбээр уран бүтээлдээ эргэн орохоор зэхэж буйгаа хэллээ.
-Хамтлагаасаа гарснаас хойш уран бүтээлээсээ нэлээн хөндийрөх шиг боллоо. Сүүлийн үед юу хийж байна даа?
-Хамтлагаас гарсны дараа уран бүтээлээ хийх гээд нэлээн үзсэн. Нэлээн бэлтгэл хэрэгтэй юм байна гэж бодоод хувийн бизнес рүү орсон байгаа. Би 2013 оны сүүлээр хамтлагаасаа гарсан. Тухайн үедээ өдөрт 9-10 ажил хийгээд явж байсан. Тэр үед ээж маань өөрийнхөө бөөрөнд зориулаад бүс хэрэглэдэг байсан юм. Бүс нь олонд танигдаагүй л дээ. Зүгээр таньж мэддэг хүмүүс “сайн бүс” гээд ам дамжаад ярьж байсан үе. Үүн дээр ээжтэйгээ хамтарч ажиллая гээд шийдсэн юм. Ээж маань анх, “Би чамайг цалинжуулж чадахгүй шүү” гээд л хэлж байсан.
-Жижигхэн үйлдвэрээс бизнесийнхээ гарааг эхлүүлжээ. Тухайн үед багагүй хариуцлага үүрч эхэлсэн байх. Тийм үү?
-Хамгийн түрүүнд бодогдсон зүйл гэх юм бол нэг ч гэсэн ажилтныхаа цалинг тасалдуулахгүй, жаахан мөнгө ч гэсэн хөдөлмөрлөсөн хөлсийг нь өгчих юм сан гэсэн бодол байсан. Үүндээ хүрч чадсан даа маш их баяртай байдаг. Бүсээ чангалсан, чангалсаар ч явж байна. Өөрөө ч бүс хийдгийг хэлэх үү /хэхэ/. Ажилтнуудынхаа цалинг нэг ч тасалдуулаагүй нууц нь гэх юм бол, яг миний хүүхдүүд шиг л санагдаж байсан. Цаана нь 2-3 хүүхэд байгаа шүү гэж бодоод л зүтгэчихдэг юм билээ.
-Ингээд хариуцлага үүрээд явахаар ядарч, шантармаар үе байдаг уу?
-Сая би хэлсэн. Манайх пудволоос эхэлж байсан. Үйлдвэрлэл ер нь маш багаас эхэлдэг. Гадаадад байдаг хоёр эмэгтэй ирээд манайх дээр сэтгэгдэл бичсэн байсан л даа. Юу гэж байсан гэхээр “Аягүй гоё газар гэж төсөөлж байсан чинь нэг пудволд байдаг халтайсан газар л байна шүү дээ” гээд л. Надад иймэрхүү хандлага маш олон ирдэг. Шийдвэрлэх асуудлууд ирдэг гэсэн үг. Үүн дээр би өөрөө унахгүй байхыг маш их хичээдэг. Яагаад гэхээр намайг хүмүүс дагаад явж байгаа шүү дээ. Нүүрэн дээрээ бол “зүгээр ээ. Юм аа гоё болгоё. Ингэе” гээд явж байгаа ч гэсэн дотроо шимширдэг. Гаднаа их хүчтэй ч дотроо эмзэг зүйлсээ хадгалж явдаг гэх юм уу. Гэхдээ тэгэхээс өөр аргагүй. Хамгийн сайн давж туулдаг зүйл гэх юм бол миний шартай зан л байна. Хүн нэг л өдөр үхнэ. Үхэл бол хэзээд ойрхон. Гараад тээгэлдээд үхэхийг хэн ч байг гэхгүй. Гэхдээ тэр болтол амьдрах түүх нь чухал юм болов уу гэж би бодсон.
Хэн нь бие зассан мэдэгдэхгүй тэр 00-ыг цэвэрлэх, өглөө өөртөө дарамттай ч юм шиг, хүнийг шахаад л ажиллуулах, ажиллах нь надад хэцүү байгаагүй. Хамгийн хүнд зүйл нь гэр бүлийнхэнтэйгээ өнөөдрийг хүртэл эвтэй, ажиллаж сурах байсан.
-Гэр бүлийнхэнтэйгээ хамтарч бизнес хийх хэцүү байдаг уу?
-Амаргүй ээ. Ээжтэйгээ би нэг удаа маргалдахад, намайг “зайл” гэж хэлж билээ. Хүүхдүүд чинь уурандаа гараад явдаг шүү дээ. Би буцаж ороод, “Би яагаад зайлдаг юм” гээд л үлдсэн. Бүр шар хөдлөөд, “Би ийм их хөдөлмөр гаргасан шүү дээ. Яаж орхиж явах юм” гээд л. Тэгээд л ээжтэйгээ тэврэлдэж эвлэрээд, яаж ч байсан хоёулаа муудалцахгүй байхаар тохирсон. Биенийхээ үгийг сонсоод л явна шүү гээд. Хөдөлмөрлөөд, хичээл зүтгэл гаргасан зүйлээ хүн зүгээр хаяад явж чаддаггүй гэдгийг л би ойлгосон. Хэрвээ би энэ жижигхэн метр квадратыг гоё болгочих юм бол дараагийнхыг нь бурхан бэлдсэн байгаа гээд итгэдэг юм.
-Манай нийгмийн нөхцөл байдал хүнд байна шүү дээ. Танаас шалтгаалаагүй олон асуудал тулгарч байна уу?
-Надаас шалтгаалаагүй маш олон асуудал байгаа. Гэхдээ би эхлээд өөрийнхөө чадах зүйл рүү анхаарахыг боддог. Би нэг их том бодлого энэ тэр ярихаас илүү залуу хүн учраас хийж чадах зүйлээ хийгээд явахыг эрхэмлэдэг. Яг үнэндээ заримдаа бодлого гэдгээ ч ойлгохгүй өдөр тутмынхаа амьдралд анхаараад явж байна шүү дээ. Тэгэхээр өөрийгөө их сайн бэлдэх хэрэгтэй. Надад бол сурах зүйл зөндөө байгаа. Надаас мундаг явж байгаа залуу хар мянгаараа байна. Тэдэнтэй уралдахгүй. Гэхдээ хоцрохгүй хамтдаа явчихыг боддог.
Ажилтнуудынхаа хувьд ч гэсэн тэднээс илүү юм шиг загнахыг боддоггүй. Хамтрах гээд хичээж байгаа гэдгээ л ойлгох ёстой юм.
-Эмэгтэй бизнес эрхлэгчдэд нийгмийн зүгээс ялгаварласан, эвгүй хандлагууд тулгамддаг гэж ярьдаг. Иймэрхүү зүйлсүүд танд анзаарагддаг уу?
-Эмэгтэй хүнийг доош нь хийдэг үйлдлүүд их байдаг. Харж байгаа харцнаас эхлээд л… Жаахан дэмжээд л хаалга онгойлгоод гарах байсан зүйл дээр бараг мөргөж гараад л. Иймэрхүү зүйлс харин ч намайг их хурцалдаг. Бид нэг их анзаарахгүй том зүйл ярих гээд байдаг юм. Урдаас хараад тамхи татаад үлээх байдал нь, гудамжаар алхаж байгаа байдал нь, эсвэл машинтай зөрж байгаа байдал нь гэх мэт асар олон зүйл дээр харагдана. Эсвэл том машин унахаар энэ эмэгтэй яаж ингэж байдаг юм гээд л. Боловсрол мэдлэгтэй хүмүүс биенээ доош хийх байдал зүгээр нэг доромжлохоос өөр гэж би хардаг. Тэр нь их зэвүүн.
-Ингэхэд та Mixx хамтлагийн гишүүдээсээ хамгийн хурц шийдэлтэй нь байсан. Тэр үед үүнээсээ болоод эвгүй хандлагууд мэдэрч байв уу?
-Хамгийн түрүүнд хамтлагаасаа би гарсан. Ёстой хөөрхөн хүүхдүүд гэдэг шиг хөөрхөн хүүхдүүд л байсан даа. Тэр үед улбар шар толгойтой болоод л. Тэгснээ гэнэт үсээ хусуулаад л. Хүмүүс нэг их эерэг хандлагаар харахгүй. “Нөгөө халзан чинь явж байна” гээд л. Төсөл дээр тэр дүр л байсан. Тэр дүрийг л амилуулах шаардлага үүсэж байгаа. Эмэгтэй хүүхдийн хувьд зориг шаардсан зүйл их байсан. Уран бүтээлийн хувьд Гулитэйгээ нийлээд нэг төсөл дээр ажиллаж байгаа. Долоон дуутай төсөл байгаа. Төсөл маань он гараад дуусах төлөвтэй байна. Ер нь төслөөр ажиллана гэж бодож байгаа. Яагаад гэхээр өөрөө үндэсний үйлдвэрлэгч болчихсон. Өөрийгөө жаахан дайчилъя. Олон улсад гарахдаа үүн дээр бэлтгэлтэй байх юм сан гэж бодоод уран бүтээлдээ орсон.
-Та цаашдынхаа зорилгоо бидэнтэй хуваалцаач?
-Би өөрөө үр өгөөжтэй, эрүүл саруул байж, хүмүүсээ маш гоё авч явах учраас өөрийгөө хөгжүүлэх тал дээр их сайн анхаарч байгаа. Өсвөр үеийн хүүхдүүд байгаа шүү дээ. Бидний араас гарч ирж байгаа. Тэр хүүхдүүд маань маш хүчтэй байгаасай. Үүнийг үлгэрлэж, дуу хоолой нь байхыг хичээж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.