Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллах тухай бичиг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.
Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үүнтэй холбоотой дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээл 12 дугаар сарын 16-ны баасан гарагт хичээллэснээр дуусгавар болно. Нэгдүгээр улирлын амралт зургаан 7 хоногийн турш үргэлжилнэ. Амралт тун удахгүй эхлэх гэж байгаа учраас ирэх долоо хоногт цаг агаар хүйтрэх, үүнээс үүдэлтэй түгжрэл нэмэгдэх зэрэг шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоох боломжгүй юм.
Цар тахлын нөхцөл байдлын үед сургуулиуд хангалттай урт хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Зайн сургалт нь танхимын хичээлийг нөхөхүйц үр дүнтэй байж чадаагүй. Тиймээс сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс аль болох татгалзана" гэв.