Коронавируст халдварын давтан өвдөлтийн хувь 58 хувьд хүрсэн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.
Тэрбээр, “Энэ оны нэг, хоёрдугаар сард омикроны халдварын давтан өвдсөн тохиолдол 25 хувьтай байна. Энэ давтан өвдөлт өнөөдрийн байдлаар хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл долоон сараас нэг жилийн дараах хугацаанд давтан өвдөх тохиолдол их байна.
Учир нь ковидын халдвар аваад өвдсөн тохиолдолд байгалийн дархлаа буурч байгаа. Тиймээс ковидын дархлаа сэргээх вакциныг хийлгэх шаардлагатай" гэлээ.
Түүнчлэн 2022 оны 46 дугаар долоо хоногт ковидын 1855 тохиолдолд бүртгэгдсэн. Энэ долоо хоногт халдварын тоо өсөж, нас баралт бүртгэгджээ.
Халдварын тархалтын онцлогт тандалт судалгаа хийхэд 67 хувь нь ажлын байран дээрээ, ажлын газрын хүнээс авсан бол 38 хувь нь гэр бүлийн гишүүнээсээ халдвар авсан гэж хариулсан байна. Тиймээс ажлын байрандаа нэг өрөөнд олуулаа суудаг, хамтарч хоол иддэг, шинж тэмдэг илэрсэн хүн байвал аль болох хавьтлыг багасгах шаардлагатай.
Иймд олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүхийг зөвлөж байна.