Дэлхийн Соц-Интернийн Эмэгтэйчүүдийн XXII Их хурал Испаний Мадрид хотноо /2022.11.21-26/ эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Социал демократ үзэл баримтлалтай улс орнуудын нэгдэл бүхий энэхүү Соц-Интерний Эмэгтэйчүүдийн хурал нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг.
XXII Их хурал “Хүчирхийллийн эсрэг даян дэлхийн стратеги” сэдэв, уриан дор зохион байгуулагдаж, дэлхий дахинаа хүчирхийллийн эсрэг уриалга гаргалаа. Тус хуралд Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал, Л.Ариунтуяа, Хэнтий аймгийн НАМЭХ-ны гишүүн Ж.Төгсжаргал нар улсаа төлөөлөн оролцож байна.
Хурлын үеэр Соц-Интернийн Эмэгтэйчүүдийн XXII Их хурлын сонгууль явагдаж, ирэх дөрвөн жилд Соц-Интернийн эмэгтэйчүүдийн байгууллагын Ерөнхийлөгчөөр Доминикан улсын хатагтай Джанет Камило 100 хувийн саналаар сонгогджээ. Мөн Ази Номхон Далайн бүсийг хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр Пакистан улсын төлөөлөгч хатагтай Шазия Марри сонгогдсон байна.
Дашрамд дурдахад, Номхон Далайн Бүс нутгийг өнгөрсөн жилүүдэд НАМЭХ-ны Удирдан зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал даргалан ажиллаж байсан юм. Хуралд Испани улсын Ерөнхий сайд, Социалист Ажилчдын намын дарга Педро Санчес оролцож орон орноос хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн үг хэллээ.
Эх сурвалж: НАМЭХ