Мэргэжлийн боксоор ялагдаагүй яваа, ДАШТ–ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулааны дэвжээнд гялалзаж яваа З.Шинэчагтга нар 600 сая төгрөгийн бооцоотой тулалдсан. Мэргэжлийн боксоор төрлөөр 70 кг-ын жинд өрсөлдсөн тулаанд Э.Цэндбаатар ялсан.
Тулааны дараа Э.Цэндбаатар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бооцооны мөнгөө авсан бол ингэж гэр хороололд амьдрахгүй байсан. Өгөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Тэмцээнд орсон биш өрөнд ороод дууслаа. Өгнө үү, байна уу надад хамаагүй” гэсэн.
Үүний дараа “Тэмцээн зохион байгуулагчид, З.Шинэчагтга бооцооны 300 сая төгрөгөө өгөхгүй байгаа юм байна” гэсэн ойлголт олны дунд үүсээд байв.
Тэгвэл З.Шинэчагтга фэйсбүүкт нэгэн сэтгэгдэл бичсэн нь олны анхаарлыг татлаа.
Тэрбээр “Би Цэндээтэй жинхнээсээ тулалдаагүй шүү. Хожигдож өгсөн болохоор дараа нь холимог тулааны төрлөөр би хожих ёстой байлаа. Ийм зохиолтой шоугаа Цэндбаатар өөрөө тавилттай ярилцлага өгч балласан байдаг юм аа.
Тулалдахгүй тоглосныг хүн бүр харсан. Цэндээ ч мөнгө гаргаагүй. Би ч гаргаагүй. Шоуны мөнгөө хувааж аваад салсан байдаг юм. Тэгж ярилцлага өгч байгааг нь гайхсаар л байна.
Нэр хүндгүй болоод баларч байхад нь хожигдож өгч нэрийг нь сэргээж өгсөн биш би одоо өөрөө буруутай болох юм даа” гэлээ.
Эндээс дүгнэхэд, анхнаасаа ийм тохироотой байсан бол тэд үзэгчдийг хуурчээ. З.Шинэчагтга дуугүй өнгөрөх гэхээр бооцооны мөнгөө өгөөгүй худалч болчих гээд, дуугарах гэхээр ийм асуудлаа илчилчих гээд байсан бололтой.