БНХАУ-ын Жэнжоу хотод байрлах IPhone гар утасны хамгийн том үйлдвэр болох Foxconn-д эсэргүүцлийн жагсаал болсон тухай бичлэг цахим сүлжээнд тархлаа.
Бичлэгт хэдэн зуун жагсагч цагдаа нартай мөргөлдөж байгаа нь үлдсэн байна. Түүнчлэн бичлэгийг шууд дамжуулж байсан хүмүүс цагдаа нар ажилчдад гар хүрсэн тухай мэдээлжээ.
Тодруулбал, өнгөрсөн сард ковид-19-ийн дэгдэлтийн улмаас тус үйлдвэр хөл хорионд орсон. Үүнээс болж зарим ажилчид нь гарч явахад хүрсэн юм. Харин Foxconn ихээхэн урамшуулал амлаж, шинэ ажилчид авсан байна. Гэсэн хэдий ч тэд амласан ёсоороо урамшуулал өгөөгүйгээс гадна, хоол хүнсний асуудал үүссэн гэж жагсаж байгаа ажилчид хэллээ.
Тэд “Бидний эрхийг хамгаал” гэсэн уриа лоозон барьж, жагссан байна. Зарим жагсагчдын хэлснээр Foxconn гэрээгээ өөрчилж, ажилчдаа урамшуулал авч чадахгүй нөхцөл байдалд оруулсан, мөн хөл хорионд түгжсэн хэрнээ хоол хүнсээр хангаагүй гэжээ. Бичлэгт мөн ажилчид хяналтын камер, цонхыг модоор эвдэж байгаа нь харагдсан байна.
SOURCE: BBC