Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналын 2023 оны шалгаруулалтыг зарлалаа.
Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор УИХ-аас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналыг жил бүр зарлаж, тодорхой бүтээл туурвисан нэг хүн эсвэл судлаачдын нэг багт жил бүр олгосоор ирсэн юм.
Өөрөөр хэлбэл, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр туурвисан уг бүтээл нь дотоод гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлүүлсэн эсвэл бие даасан ном, бүтээл болон хэвлүүлсэн байх шаардлагатайн дээр бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх ёстой аж.
Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаарх материалыг энэ оны 12 дугаар сарын нэгний өдрийн дотор УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн байх юм.