Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Архаг түгжрэл өнөөдөр гэнэт бий болоогүй 20-30 жилийн хугацаанд ужгирч бүрэлдсэн. Позитив талаасаа эдийн засгийн өсөлт, хүн амын төвлөрөлтэй холбоотой. Негатив талаасаа хот нэгдсэн төлөвлөлтгүй, газрын авлига, замын сүлжээ бага, нийтийн тээврийн уналт, удирдлагын чадамжгүй байдал нөлөөлсөн.
Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд бууруулах үндсэн хоёр арга зам бий.
- Иргэд, албан тушаалтнууд бүгд сайн дураар идэвх санаачлагатай өөрийн чадах хувь нэмрээ оруулах;
- Тодорхой хугацаанд машины тоог дугаарын хязгаарлалт /албадлага/ зэрэг захиргааны аргаар зохицуулах.
Засгийн газрын гишүүнээр ажилласнаас хойших хоёр сарын хугацаанд бодлогоо бид ингэж томьёолсон. Ямартай ч нийтийн тээврийг сэргээх нь гол зорилт, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэх нийтийн сэдлийг идэвхжүүлэх шийдвэр гаргах түвшинд болон олон нийтийн дунд ойлгуулахад өмнөхөөс ахиц гарсан.
Түгжрэлийг бууруулах дунд урт хугацааны үндсэн бодлого нь төвлөрлийг сааруулах нэгдсэн бодлогын хүрээнд, хот төлөвлөлтийг сайн хийж мөрдүүлэх, нийтийн тээврийн парк, зохион байгуулалт, үйлчилгээг шинэчлэх, авто замын сүлжээг оновчтой нэмэгдүүлэх замын /зорчилт/ хөдөлгөөний ухаалаг зохицуулалт зохион байгуулалтыг бий болгох, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэн, соёлыг дээшлүүлэх, түгжрэлийн талаарх олон нийтийн зохистой хандлагын өөрчлөлтийг дэмжих, түгжрэлийн эсрэг эдийн засгийн хөшүүрэг бүхий хууль зүйн зохицуулалтын орчин бүрдүүлэх чухал байна.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Нийтийн тээврийн салбарыг 2023 онд тогтворжуулан сэргээх зорилт тавьсан байгаа. Ингэснээр өнгөрсөн болон одоогийн өвлийн давтагддаг түгжрэлийн зовлонг сонголттой тээврийн хүчээр зөөллөх боломжтой болно.
Нийтийн тээврийн салбар дөнгөн данган аргацаасан байдалд орсон байхад бид дараа дараачийн ямар ч том арга хэмжээнүүдийг авах боломж хязгаарлагдмал болчхоод байгаа юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өмнөх 7 хоногийн эхэнд авсан мэдээллээр бол ер нь иргэд өнгөрсөн жилээ бодвол замын байдал маш хүнд байгаа ч бага ч гэсэн хөдөлгөөнд оролцсон байдал нь сайжирсан байсан. Бодит байдлаа нийтээрээ ойлговол, ойлголцвол авах арга хэмжээгээ зөв хэрэгжүүлэх үндэс болно
Эхлээд ирэх онд нийтийн тээврээ тогтворжуулж сэргээж авъя. Бас нийтээрээ хандлагаа өөрчилж, замын хөдөлгөөний хотын соёлд суралцъя. Түгжрэлийн эсрэг эдийн засгийн хөшүүргийг ашиглая. Төвлөрлийг сааруулах бодлого шийдвэр байна аа гээд эхнээс нь шийдвэр гаргаад явж байна. Бодит байдлаа нийтээрээ ойлговол ойлголцвол авах арга хэмжээгээ зөв хэрэгжүүлэх үндэс болно. Түгжрэл дээр яг одоо хурдан юу хийх вэ? гэдэгт бүгд санаа бодол төвлөрдөг ч нэг мэргэн түргэн далайцтай шийдлээр түгжрэлийн асуудлыг шийдэхгүй, энэ бол цогц шийдлийг нэлээд хугацаанд хэрэгжүүлж байж, үр дүнгээ өгөх хотын хөгжлийн асуудал гэж олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг.
Архаг түгжрэл бол “гамшиг”. Энэ хур гамшиг 7 хоногийн дотор, 6 сарын дотор шийдэгдэх асуудал мөн үү? Мөн бол ямар шийдлээр билээ, хамтдаа ярилцмаар бодмоор…Бидний хамтын л зовлон. Жолооч төвтэй хувь тээврээс зорчигчид төвтэй нийтийн тээвэр рүү явах нь ямартай ч зөв чиглэл.
"…Хотын нийтийн тээврийн унхиагүй байдал, сэтгэлгүй ажилтай холбоотой. Удирдлагыг нь сольж байж өөрчлөлт оруулна. Миний хувьд нийтийн тээвэрт онцгой ач холбогдол өгч байгаа. Хот өөрөө дийлэхээргүй орхигдож…"
Түгжрэлийн эсрэг гол бодлого, чиглэлээ бид гаргачихсан. Мэдээж судлах зүйлүүд бий. Гол нь Үндэсний хороо ажлаа дөнгөж эхлээд явж байхад бодит үр дүн хаана бна гэх нь өрөөсгөл. Хавар үрээ тариад намар хураахад хугацаа ордог шиг бид хийж буй тодорхой ажлынхаа үр дүнг жилийн дараа харна” гэлээ.