Спортын хорхойтнуудыг цэнхэр дэлгэцийн өмнө “уяж”, идэх хоол, унтах нойрыг нь умартуулж буй хөлбөмбөгийн ДАШТ үргэлжилсээр. Дэлхийн шилдгүүдийн дундаас аль орны баг онцгойрхоос дутахгүй хэний хүү гялалзаж, бөмбөрцөгт нэрээ данслуулах нь олны сонирхлыг ихэд татдаг. Хөлбөмбөгийн талбайд тодорч, томоохон клубүүдийн анхаарлыг татах, дэлхийд танигдах том боломж бол яах аргагүй ДАШТ.
Энэ жилийн ДАШТ-ий хоёр дахь өдөр болсон Англи, Ираны тоглолтод Букайо Сака гялалзаж, дубль хийлээ. 21 настай тэрбээр 43, 62 дахь минутад гоол оруулж, багаа хожиход чухал үүрэг гүйцэтгэн, өчигдрийн тоглолтын шилдгээр нэрлэгдэв.
Ингэснээр тэрбээр ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг Эквадорын Эннэр Валенсиа, Ираны Мехди Тареми нарын хамт тэргүүлж байна. ДАШТ-д анх удаа өрсөлдөөд, анхны тоглолтдоо хоёр гоол оруулна гэдэг хүссэн бүхний хийх зүйл биш.
Сака багаасаа танигдсан, гялалзсан хөлбөмбөгчин, “Арсенал”-ын “бүтээгдэхүүн”. Тэр “Арсенал”-ын хүүхдийн академийн хөлбөмбөгийн спортод хөл тавдьсан. Түүнийг “Арсенал” клубгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Түүний эцэг, эх нь Нигерийн цагаачид. Сакаг төрөхөөс өмнө Нигерээс цагаачлан, Лондонд суурьшсан. Тэрбээр хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцогч. ДАШТ-д оролцохынхоо өмнө л гэхэд Нигерийн Кано хотын 120 хүүхдийн мэс заслыг зардлыг хандивласан. Букайо Сакагийн нэр Нигерийн өмнөд хэсгийнхний ярьдаг ёруба хэлээр “Аз жаргал бэлэглэгч” гэсэн утгатай. Үнэхээр нэр шигээ олон хүнд аз жаргал бэлэглэн, хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрүүлж яваа тоглогч.